Дауны хам шинжтэй “Барби” хүүхэлдэйг анх удаа худалдаанд гаргажээ

АНУ-ын хүүхдийн тоглоом үйлдвэрлэгч “Мателл” компани өөрийн алдартай уламжлалт хүүхэлдэйн хүртээмжийг нэмэгдүүлэхийн тулд дауны синдромтой барбиг анх удаа худалдаанд гаргахаар болжээ. Барби хүүхэлдэй нь эмэгтэйчүүдийн нийтлэг төрхөөс тэс ондоо байдаг талаар хэрэглэгчид ихээр шүүмжилдэг юм.

Харин өнгөрөгч мягмар гарагт үйлдвэрлэгчдийн зүгээс бусад барби хүүхэлдэйтэй харьцуулбал шинэ төрлийн барби нь илүү өргөн мөртэй, богино хүрээ, урт биетэй болгон зохион бүтээснээ мэдээлжээ. Түүнчлэн дизайнерууд дауны синдром бүхий барбиг зохион бүтээхийн тулд АНУ-ын Дауны хам шинжийн үндэсний нийгэмлэгтэй хамтран ажилласан байна.

Мөн “Мателл” компани хиймэл гар, хөл, чихтэй, мөн сонсголын аппараттай хүүхэлдэйнүүдийг ч үйлдвэрлэж эхэлжээ.

Шинээр үйлдвэрлэгдэж буй барби хүүхэлдэй нь хүүхдүүдэд бусдыг хайрлах, энэрэх, хүндлэх, ойлгох мэдрэмжийг олгох зориулалттай гэж тус компанийн барби хүүхэлдэй хариуцсан мэргэжилтэн тайлбарлажээ. Үүнээс гадна хүүхдүүд эдгээр тоглоомоор дамжуулж хорвоо ертөнцтэй танилцах боломжтой гэдгийг ч тэрээр хэлсэн байна.

Барби хүүхэлдэйг анх 1959 онд зохион бүтээсэн бөгөөд урт нарийн хөл, нарийн бэлхүүс, намирсан шаргал үстэйгээр дүрслэгдсэн байна. Энэ стандарт 21-р зууныг хүртэл дагаж мөрдөгдсөн бол сүүлийн жилүүдэд үйлдвэрлэгчид барбиг илүү эмэгтэйчүүдийн нийтлэг бие галбирт нийцсэн байдлаар үйлдвэрлэх болжээ.