Цагаан ордны тэргүүн Жо Байден ирэх 2024 онд АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд дахин өрсөлдөнө гэдгээ мягмар гарагт албан ёсоор зарлажээ. Жо Байден сонгуулийн сурталчилгааны төлөвлөгөөт ажлаа "Удахгүй" эхлүүлнэ гэж өнгөрсөн долоо хоногт мэдэгдсэн ч албан ёсоор шийдвэрээ зарлаагүй байсан юм.
Хэрэв Жо Байден дахин Ерөнхийлөгчөөр сонгогдвол түүний хоёр дахь бүрэн эрхийн хугацаа нь дуусах үед тэрбээр 86 нас хүрэх юм. Тэрбээр ирэх долоо хоногийн сүүлээр сонгуулийн төлөвлөгөөт ажлынхаа сайн дурын хандив цуглуулагчидтай уулзахаар төлөвлөж байгаа талаар Цагаан ордноос мэдээлжээ.
Өдгөө 80 настай Жо Байден хэдийнээ АНУ-ын түүхэн дэх хамгийн өндөр настай Ерөнхийлөгчөөр нэрлэгдээд байна. Тэгвэл сайн дурын хандивлагчид, ардчилсан намын идэвхтнүүд түүний эрүүл мэндийн байдалд эргэлзэж байгаагаа мэдэгдсээр байна.
Тэрбээр Цагаан ордны тэргүүний сонгуульд өрсөлдөх шийдвэрээ танилцуулахдаа эхлүүлсэн үйл хэргээ дуусгах боломж олгохыг сонгогчдод уриалжээ. Жо Байден өмнөх сонгуулийн ажлаа 2020 оны 4-р сарын 25-ны өдөр эхлүүлж байсан нь давхацсан тохиолдол болжээ.
Ройтерс агентлагаас явуулсан санал асуулгад оролцогсдын 80 орчим хувь ирэх сонгуульд Бүгд найрамдах намын нэр дэвшигчид итгэл хүлээлгэнэ гэдгээ илэрхийлжээ. Харин АНУ-ын Ардчилсан намын гишүүн, идэвхтнүүдийн 50 орчим хувь Жо Байденыг Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихэд дэмжлэг үзүүлнэ гэсэн байна.