Б.Жавхлан: Гадаад өрөөс улбаалсан дефолт болох эрсдэлээс гарч чадлаа

Засгийн газар өчигдөр ирэх оны төсвийн хүрээний мэдэгдэл, төлбөрийн тэнцэл, гадаад өрийн асуудлыг хэлэлцжээ. Энэ оны эхний улирлын байдлаар манай улсын эдийн засгийн үзүүлэлтүүд сайжирсан бөгөөд үүнээс улбаалан гадаад өртэй холбоотой дефолт болох эрсдэлээс бүрэн гарч чадсан талаар Сангийн сайд мэдээлсэн байна.

Монгол улсын Засгийн газар 2025 он хүртэлх дунд хугацааны стратегийг УИХ-аар батлуулсан. Энэ хүрээнд Засгийн газар гадаад өрийн зохицуулалтыг хийсэн бөгөөд энэ оны эхний улирлын байдлаас дүгнэхэд төлбөрийн тэнцэл болоод эдийн засгийн тулгуур үзүүлэлтүүд сайжирчээ.

Мөн 2024 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2025 оны төсвийн төсөөллийн талаарх мэдээллийг Засгийн газарт Сангийн яамнаас танилцуулсан байна. Ирэх оны төсвийн хүрээний мэдэгдэлд ДНБ-ий бодит өсөлт 6.5 хувь, инфляц 8 хувийн хязгаартай байхаар тусгасан байна. Мөн төсвийн зарлагын хэмжээг 22 их наяд төгрөг байхаар тооцжээ.

Түүнчлэн 2022 оны сүүлээр ОУВС-ийн хөтөлбөрт багтах орны тоонд манай улс орох эрсдэлтэй байсан. Харин төлбөрийн тэнцэл болоод энэ оны эхний улирлын төсвийн орлогоос үүдэн ОУВС-ийн хөтөлбөрт орох нөхцөлөөс гарсан талаар Сангийн сайд мэдээлсэн юм.