УИХ-ын энэ хаврын чуулганаар тогтолцооны өөрчлөлтийн шинж чанартай хоёр хуулийн төслийг хэлэлцэхээр товложээ. Үүнд УИХ-ын Сонгуулийн тухай хууль, Улс төрийн намын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслүүд багтаж байна. Тэгвэл үүнтэй холбогдуулан УИХ-аас улсын дээд шүүхэд бүртгэлтэй намууд болон иргэний нийгмийн байгууллагуудыг оролцуулсан хуулийн төслийн хэлэлцүүлгийг зохион байгууллаа.
Өнгөрсөн оны 12-р сараас эхлэн зөвлөлдөх санал асуулгыг УИХ-аас зохион байгуулсан. Санал асуулгын үр дүнгээр 2019 онд хийсэн Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр батлах ёстой хуулийн төслүүд мөн Улс төрийн намын тухай хууль болон Сонгуулийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах шаардлагатай гэх дүгнэлт гарсан. Тэгвэл уг дүгнэлтийн хүрээнд Улс төрийн намын тухай хуулийн шинэчилсэн найруулга болоод УИХ-ын Сонгуулийн тухай хуулийн нэмэлт өөрчлөлтийн тухай хуулийн төсөлтэй холбогдуулан хэлэлцүүлэг зохион байгууллаа.
УИХ-ын Сонгуулийн тухай хуулийн нэмэлт өөрчлөлтийн хүрээнд МАН болон Хүн нам хамтран хуулийн нэмэлт өөрчлөлтийн төслийг боловсруулсан. Үүнтэй зэрэгцэн УИХ дахь АН-ын бүлэг адил төстэй хуулийн төслийг боловсруулсан. МАН болон Хүн намын боловсруулсан хуулийн төсөлд УИХ-ын 76 гишүүдийн 38 тойргоос 38 жагсаалтаас сонгогдохоор тусгасан. Тэгвэл АН 48 тойргоос, 28 гишүүн жагсаалтаар сонгогдох хуулийн боловсруулсан. Тэгвэл адил төстэй хоёр хуулийн төслийг нэгтгэн хэлэлцэнэ.
Харин Улс төрийн намын тухай хуулийг МУ-ын Ерөнхийлөгчөөс УИХ-д өргөн барьсан. Хуулийн өөрчлөлтөд Улс төрийн намын хатуу гишүүнчлэл болоод намын санхүүжилтийг ил тод болгох, улс төрийн нам дэргэдээ бодлогын институттэй байх зэргийг тусгасан. Мөн өөрчлөлтөд улс төрийн нам хоёр удаа дараалан УИХ-ын сонгуульд оролцоогүй бол үйл ажиллагааг зогсоох зэрэг өөрчлөлтийг тусгаж өгсөн бөгөөд хуулийн төсөлд намууд саналаа хэлсэн байна. Ингэснээр улс төрийн намуудаас ирүүлсэн зарчмын зөрүүтэй саналыг нэгтгэн төрийн байгуулалтын байнгын хороо хуулийн төслийг дахин хэлэлцэхээр болжээ.