Телевизийн шууд нэвтрүүлгийн үеэр Туркийн Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоганы бие гэнэт муудаж, эмнэлэгт хүргэгджээ

Өнгөрөгч мягмар гарагт телевизийн шууд нэвтрүүлгийн үеэр Туркийн Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоганы бие гэнэт муудаж, эмнэлэгт хүргэгдсэн байна. Тэрбээр ирэх 5-р сард болох Ерөнхийлөгчийн сонгуулийн кампанит ажлаа эрүүл мэндийн шалтгааны улмаас түр хугацаагаар зогсоосноо төлөөлөгчөөрөө дамжуулан мэдэгджээ.

Өнгөрсөн мягмар гарагт Туркийн Ерөнхийлөгч Эрдоганы бие гэнэт муудсан тул сонгуулийн кампанит ажилтай холбоотой арга хэмжээнүүдэд тэрбээр биечлэн оролцох боломжгүй болсныг холбогдох албанаас мэдээлжээ. Өнгөрсан пүрэв гарагт тус улсын Эрүүл мэндийн сайд “Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоган гэдэсний ханиадаар өвдсөний улмаас биеийн байдал гэнэт муудсан ч биеийн байдал одоо дээрдсэн” гэдгийг мэдэгджээ.

Өдгөө 69 настай Эрдоган сонгуулийн өмнөх кампанит ажлынхаа хамгийн чухал үеийг эрүүл мэндийн шалтгаанаар орхигдуулж байгааг шинжээчид онцолжээ. Учир нь Туркийн сөрөг хүчний зургаан намын төлөөллөөс нэр дэвшигч Кемалын рейтинг тус улсын иргэдийн дунд өндөр байна. Өнгөрсөн сард явуулсан санал асуулгаар Ерөнхийлөгчийн сонгуульд түүнийг ялалт байгуулах боломжтой гэдгийг харуулжээ. Урьдчилсан санал асуулгад оролцогсдын 53 хувь нь сөрөг хүчний нэр дэвшигчид итгэл хүлээлгэнэ гэдгээ илэрхийлсэн байна. Туркийн Ерөнхийлөгчийн сонгуулийн эхний шат энэ сарын 14-нд болох бөгөөд эхний шатны санал хураалтаар нэр дэвшигчдийн аль нэг нь үнэмлэхүй ялалт буюу иргэдийн 50-аас дээш хувийн саналыг авч чадахгүй бол 14 хоногийн дараа хоёр дахь шатны санал хураалтыг явуулна.

Өнгөрөгч пүрэв гарагт газар дундын тэнгисийн эрэг дээрх Туркийн анхны цөмийн цахилгаан станцын нээлтэд Режеп Тайип Эрдоган цахимаар оролцсон байна. Мөн нээлтийн үйл ажиллагаанд Кремлийн тэргүүн В.Путин мөн цахимаар оролцсон бөгөөд уг төслийн ажилд ОХУ-ын эрчим хүчний компаниуд оролцсонтой холбоотой байна.