Өнгөрсөн пүрэв гарагт Тайландын цагдаа нар 13 хүнийг натрийн цианидаар хордуулж хөнөөсөн аймшигт хэрэгт сэжиглэгдэж байсан эмэгтэйг баривчилжээ. Амиа алдсан хүмүүс нь бүгд түүний найзууд болон ойр дотны хүмүүс байсныг эх сурвалжууд Ройтерс агентлагт мэдээлсэн байна.
Мөрдөн байцаагчид сэжигтнийг Тайландын нийслэл Бангкок хотын нисэх онгоцны буудлаас саатуулсан бөгөөд түүнийг батлан даалтад гаргах өмгөөлөгчийн саналаас татгалзсан байна. Мөн хуулийн байгууллагаас өнгөрсөн хугацаанд цуглуулсан нотлох баримтууд нь түүнийг уг гэмт хэрэгт буруутгах хангалттай үндэслэл болсныг олон нийтэд мэдээлжээ.
Тэрбээр 2020 оноос хойш олон удаагийн үйлдлээр ойр дотны найз нөхөд, хуучин найз залуугаа хордуулан хөнөөсөн байж болзошгүй байна. Сэжигтэн эдгээр амиа алдсан хүмүүсээс нийтдээ 1 сая америк.доллартой тэнцэх хэмжээний мөнгө зээлсэн байсныг эх сурвалжууд мэдээлжээ.
Мөн хохирогчдын төрөл төрөгсөд өдийг хүртэл энэ эмэгтэйг гэмт хэрэгт огт сэжиглэж байгаагүй гэдгээ хэвлэлд ярьсан байна. Тус сэжигтэн өнгөрсөн сард мөн өөр нэг найзыгаа хордуулах гэж оролдсон ч бүтэлгүйтсэн байна. Хохирогч бөөлжиж ухаан алдсан ч амьд үлдсэн төдийгүй тухайн үедээ шууд хуулийн байгууллагад хандсанаар хэрэг нээн мөрдөн шалгах ажиллагаа явуулахад хүргэсэн байна.