БНХАУ дахь гадаадын ААН-үүд төр засгийн хяналт, дарамт шахалттай нүүр тулж байна

БНХАУ-ын эрх баригчид хязгаарлалтын дэглэмээ сулруулсны дараа гадаадын хөрөнгө оруулагчдыг идэвхтэй татах бодлого хэрэгжүүлэхээ мэдэгдсэн ч бодит байдалд бизнесийн салбарт тавих хяналтаа чангатгаж байгаа талаар хэвлэлүүд мэдээлжээ. Өнгөрсөн долоо хоногт АНУ-ын үндэстэн дамнан менежментийн зөвлөхийн үйлчилгээ үзүүлдэг “Bain And Co” компанийн Шанхай дахь оффист Хятадын хууль сахиулагчид гэнэтийн шалгалт явуулж, ажилтнуудаас нь байцаалт авчээ.

АНУ-ын менежментийн зөвлөх үйлчилгээ үзүүлэгч компанийн оффист Хятадын хууль сахиулагчид ямар шалтгааны улмаас хяналт шалгалт явуулж, ажилтнуудаас нь байцаалт авсныг хуулийн байгууллагаас болон компанийн удирдлагуудын аль аль нь тайлбар хийхээс татгалзсан байна. Мөн өнгөрсөн сард АНУ-ын үндэстэн дамнасан “Минтз” хуулийн фирмийн Бээжин дэх оффист БНХАУ-ын авлигатай тэмцэх газраас мөрдөн байцаагчдын хамтаар шалгалт явуулж, тус хуулийн фирмд ажилладаг 5 өмгөөлөгчийг баривчилжээ. Түүнчлэн өнгөрөгч 3-р сард Япон улсын эмийн үйлдвэрийн хэд хэдэн ажилтныг тагнуулын хэргээр саатуулж, Японы эмийн үйлдвэрийн Бээжин дэх салбар үйлдвэрт аюулгүй байдлын шалгалт явуулсан байна.

Хэдийгээр БНХАУ-ын эрх баригчид гадаадын хөрөнгө оруулагчдад таатай орчин бүрдүүлж, бизнесийн идэвхийг сэргээхээр идэвхтэй оролдож байгааг олон төрлийн форум, үзэсгэлэн худалдаа, фестиваль, шоу зохион байгуулж байгаагаас нь харж болох ч олон улсын бизнесийн бүлгүүд, үндэстэн дамнасан аж ахуйн нэгжүүд хөрөнгө оруулалтын төлөвлөгөөгөө Зүүн Өмнөд Ази, Энэтхэг болон бусад эдийн засаг нь тогтвортой өсөж байгаа зах зээл рүү шилжүүлсээр байна.

Бээжингийн Вашингтон, Европ, Токиотой харилцах харилцаа нь хүний эрх, аюулгүй байдал, технологийн талаарх маргаан, Тайванийн асуудлаас үүдэлтэйгээр хурцадсан гэж шинжээчид дүгнэж байна. Гэхдээ Хятадын хуулийн байгууллагаас Өрнөдийн аж ахуйн нэгжүүдэд явуулж байгаа эдгээр хяналт, шалгалт нь улс төрийн зорилготой эсэх талаар тодорхой мэдээлэл нууц хэвээр байна. Харин Хятад улсын эрх баригчид Өрнөдийн үндэстэн дамнасан аж ахуйн нэгжүүдтэй хамтран ажилладаг дотоодын татвар төлөгчдөө хүртэл онилон үйл ажиллагааг нь хязгаарлаж байгаа нь олон нийтэд ил болсоор байна.