Украины Батлан хамгаалахын сайд сөрөг давшилтын бэлтгэл ажил хангагдсан  талаар мэдэгджээ

Украины Батлан хамгаалахын сайд Олексийн Резников хаврын сөрөг давшилтын бэлтгэл ажил эцсийн шатандаа хүрээд байгаа талаар мэдэгджээ. Тэрээр Украины арми давшилтад бэлэн байгаа төдийгүй одоо бурхны зөвшөөрөл, цаг агаарын тогтвортой байдал, командлалын зохих  ёсны шийдвэрийг хүлээж байгаагаа онцолжээ.

Олексий Резников Украины арми сөрөг давшилтаа эхлүүлэх бэлтгэл ажлаа ерөнхийдөө хангасан бөгөөд одоо дээд удирдлагын зөвшөөрлийг хүлээж байгаа гэдгээ цохон тэмдэглэжээ. Мөн тэрээр Украины зэвсгийн хангамж нөөц сөрөг давшилт эхлүүлэхэд хангалттай болсон, Украины цэргийн алба хаагчдын Өрнөдийн зэр зэвсгийг эзэмших бэлтгэл, сургуулилалт ч жигдэрснийг дотоодын “Интерфакс” агентлагт ярьжээ. Түүнчлэн Украины арми Германы “Leopard 2”, Их Британийн “Challanger” танкуудыг хэдийн хүлээн авсан бөгөөд АНУ-ын “Аbrams” танкууд удахгүй Украины газар нутагт газардах төлөвтэй байгаа талаар Олексийн Резник мэдээлсэн байна. Мөн НАТО-ын стандарт бүхий “Брэдли”, “Мардерс” зэрэг олон тооны хуягт машин хүлээн авснаа ч тэрээр дурджээ.

Сүүлийн үед Украины эрх баригчид Донбасс дахь Оросын довтолгоог няцаасны дараа сөрөг довтолгоо хийх боломжтой талаар удаа дараа мэдэгдсээр байгаа юм. Гэсэн хэдий ч Украины арми НАТО-ын эвслээс хандивласан танк, хуягт машин, тийрэлтэт онгоц зэрэг орчин үеийн зэр зэвсгийг хангалттай тоогоор цуглуулж, цэргүүдээ тус техник хэрэгслийг сайтар эзэмшүүлэх хүртлээ хамгаалалтын байрлалаас довтолгооны ажиллагаа руу шилжих тактикийн өөрчлөлт хийж болохгүйг шинжээчид анхааруулж байна.

Тэгвэл өнгөрөгч ням гарагт ОХУ-ын хөлсний гэрээт цэргийн Вагнер группийн тэргүүн Евгений Пригожин “ОХУ-ын Батлан Хамгаалах яам их бууны болоод бууны сумны хангамжаа нэмэгдүүлэхгүй бол Бахмут хотод тулалдаж буй гэрээт цэргүүдээ татан авах” тухай сүрдүүлэг хийсэн байна. Кремлийн удирдлагууд Вагнерын цэргүүдийг хөсөр хаясан бөгөөд зэр зэвсгийн хангамж хүрэлцэхгүй байгаагийн улмаас сүүлийн хоёр сар гаруйн хугацаанд амссан хохирлын хэмжээ тооцоолсноос 5 дахин өндөр байсныг Евгений Пригожин цохон тэмдэглэжээ. Тэрээр өдөр бүр олон мянган цэргүүдийнхээ цогцсыг авсанд хийж, гэр бүлийнхэнд нь илгээхээс залхаж байгаа гэдгээ анхааруулжээ. Дайны талбарт амиа алдах эсвэл “хулчгарууд” шиг ухрах гэсэн хоёр сонголтоос нэгийг нь сонгох төдийгүй сонголт нь хүний амь настай холбоотой тул хийхэд амархан байна гэдгийг хөлсний гэрээт цэргийн Вагнер группийн тэргүүн Евгений Пригожин Кремлийн удирдлагууд, тэр дундаа Батлан Хамгаалахын сайд Сергей Шойгуд хандаж хэлсэн байна.