Зайсан тойруугийн нэг чиглэлийн урсгалын зохион байгуулалтыг зогсоох шийдвэр гаргаагүй

Олон улсад эхлээд замын зохион байгуулалтаа зөв төлөвлөж хийсний  дараа  барилга, байгууламжаа барьдаг байна. Гэтэл манай улсад энэ асуудал эсрэргээрээ байгаа бөгөөд замбараагүй газар олголт, стандартгүй зам, гүүрний хоорондох зай зэргээс шалтгаалж иргэд эдийн засаг, эрүүл мэндээрээ хохирч байна. Өнөө цагт нийслэлийн хамгийн тулгамдсан асуудал болсон авто замын түгжрэлийг бууруулахад багагүй хөрөнгө мөнгө зарцуулж, замын хөдөлгөөний янз бүрийн зохицуулалт хийж байна. Үүний нэг нь замын хөдөлгөөний урсгалыг нэг чигт оруулах явдал юм. Гэвч нарийн судалгаа шинжилгээ хийлгүйгээр замын хөдөлгөөнд ингэж зохицуулалт оруулж байгаа нь буруу гэсэн байр суурийг зарим судлаачид илэрхийлж байна.

Зайсан тойруугийн нэг чигийн урсгалыг зохион байгуулаад 2 сар гаруй болж байна. Үүнтэй холбоотойгоор багшийн дээдээс Энхтайваны гүүр лүү явах хөдөлгөөний хурд нэмэгдсэн мөн дам нөлөөгөөр нисэх, яармагийн замын ачаалал багассан байна. Холбогдох мэргэжилтний зүгээс тайлбарлахдаа Улаанбаатар хотын төв хэсэг болон хороолол дотор хийсэн нэг чигийн урсгалыг зохион байгуулах нь ойролцоох 3 уулзварын нэвтрүүлэх чадвар сайжирч байгаа боловч дараа дараагийн уулзварын нэвтрүүлэх хүлээлтийг нэмэгдүүлдэг. Тиймээс задлах хөдөлгөөнийг дэмжсэн зохицуулалт хийх буюу хотын захын хэсгийн замын ургалд нэг чигийн зохицуулалт хийх нь үр дүнтэй гэсэн тайлбарыг хийлээ.

Харин зам тээврийн судлаач хэлэхдээ Зайсангийн уулын зам нь хэвтээ болон босоо тэнхлэгт огтлолцдог. Ийм замын хэсэгт нэг чигийн урсгалыг зохион байгуулах нь буруу бөгөөд хотхон, хорооллын замд машины хурд 20 км цагаас хэтрэхгүй байх гэсэн замын хөдөлгөөний дүрмийг харгалзан авч үзээгүй шийдвэр гэсэн юм.

Мөн Нарны хорооллын замыг нэг чигийн урсгалтай болгох ажлын туршилтыг эхлүүлсэн ч оршин суугчдын эсэргүүцлээр цуцлуулсан. Гэвч энэ зохицуулалт нь Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах, замын хөдөлгөөний нэвтрүүлэх чадварыг сайжруулах оновчтой шийдэл гэдэг нь батлагдсан байна.

Мөн Зайсан тойруу, Дүнжингаравын гудамж хэсгийн авто замд эвдрэл үүссэн тул хөдөлгөөнийг түр хязгаарлан, засварын ажлыг өнгөрсөн 2 хоногийн хугацаанд хийж дууссан байна. Зам засварын ажлын үед авто замын түгжрэл нэмэгдсэн хэдий ч Зайсан тойруугийн нэг чиглэлийн урсгалын зохион байгуулалтыг зогсоох шийдвэр гаргаагүй гэдгийг албаны зүгээс мэдэгдлээ.