Сүүлийн гурван жилийн хугацаанд 1.5 тэрбум ам.долларын гадаад өрийг ЗГ төлжээ

Сангийн яамнаас бондын төлөлтийн талаар мэдээлэл хийлээ. 2017 онд Монгол улсын Засгийн газар Гэрэгэ бондын 800 сая ам.долларыг төлөхөөр таван жилийн хугацаатайгаар санхүүжилт босгох ажлыг эхлүүлж байсан юм. Тэгвэл өнгөрсөн сарын 28-ны өдөр Гэрэгэ бондын үлдэгдэл болох 368 сая ам.долларын өрийг бүрэн төлж дуусгасан байна.

Түүнчлэн Засгийн газраас сүүлийн гурван жилийн хугацаанд Мазаалай, Чингис, Гэрэгэ бондын өр төлбөр болох нийт 1.5 тэрбум америк долларын өрийг бүрэн төлж барагдуулсан байна. Эдгээр бондын үлдэгдлүүдийг бүрэн төлж барагдуулснаар Засгийн газар гадаад өрнөөс хамааралтай дефолт болох эрсдэлээс бүрэн гарчээ.

Дараагийн бондын төлөлтүүд 2025 оноос эхлэх юм байна. Энэ хугацаанд гадаад валютын албан нөөцөө нэмэгдүүлж төсвийн зарцуулалтаа хяналттай байлгаснаар гадаад өр төлбөрөөс ямар нэгэн эрсдэл үүсэхгүй гэж сангийн сайд мэдэгджээ.