АНУ-ын ерөнхийлөгч Жо Байден болон БНСУ-ын ерөнхийлөгч Юн Сок Ёль нар цөмийн зэвсгийн ашиглалттай холбоотой чухал хэлэлцээрийг лхагва гарагт баталжээ. Энэ хэлэлцээр нь АНУ-ын цөмийн зэвсгээр тоноглосон шумбагч онгоцнуудыг Өмнөд Солонгосын усан хилийн бүсэд хэсэгчлэн байршуулахтай холбоотой гэдгийг эх сурвалжууд мэдээлсэн байна.
АНУ-ын тактикийн болон стратегийн цөмийн зэвсгээр тоноглосон шумбагч онгоцнуудыг БНСУ-ын усан хилийн бүсэд байршуулах бөгөөд гэрээнд заасан хугацаанд буюу “тодорхой цаг хугацаанд” байрлуулах чухал шийдвэрт хүрснээ хоёр улсын ерөнхийлөгчид мэдэгдсэн юм.
Түүнчлэн Цагаан ордны тэргүүн Жо Байден Умард Солонгосын эсрэг цөмийн зэвсэг хэрэглэх төлөвлөгөөндөө Өмнөд Солонгосын талыг татан оролцуулах зөвшилцөлд хүрснээ мэдэгджээ. Үүний хариуд Өмнөд Солонгос дотооддоо цөмийн зэвсэг хөгжүүлэх, бүтээх санаачилгаа зогсоохоор тохиролцсон байна. “Вашингтоны тунхаг” гэж нэрлэгдсэн уг хэлэлцээр нь Умард Солонгосын цөмийн аюул заналхийллийг таслан зогсооход холбоотнуудын хамтын ажиллагааг бэхжүүлнэ гэдгийг талууд онцолсон байна. Өмнөд Солонгосын ерөнхийлөгч Юн Сок Ёль энэ долоо хоногт Вашингтон хотноо айлчилж Украины дайн, цаг уурын өөрчлөлт, кибер аюулгүй байдлын хамтын ажиллагаа, цөмийн эрчим хүч зэрэг асуудлаар цагаан ордны тэргүүнтэй яриа хэлэлцээ өрнүүлжээ.
Товчхондоо хоёр улсын Төрийн тэргүүний дээд хэмжээний уулзалтын гол зорилго нь “Вашингтоны тунхаг” хэмээх гэрээ хэлэлцээрийг байгуулж, АНУ цөмийн зэвсгээр Өмнөд Солонгосыг хамгаалах амлалт өгөх явдал байжээ. Үүний хариуд Өмнөд Солонгосын ерөнхийлөгч дотооддоо цөмийн зэвсгийг үл дэлгэрүүлэх, цөмийн зэвсэггүй улс байна гэдгээ нотлох үүргийг хүлээсэн байна. Учир нь Өмнөд Солонгос дотооддоо цөмийн зэвсгийн хөгжүүлэлт хийж, бүтээж эхэлбэл бусад улс орнууд үүний мөрөөр явах уршигтай байсан гэж ажиглагчид дүгнэжээ.