ОХУ-ын Зэвсэгт хүчин эзлэн түрэмгийллээ эхлүүлснээс хойш БНХАУ-ын дарга Ши Жиньпин Украины ерөнхийлөгч Володимир Зеленський нар лхагва гарагт анх удаа утсаар яриа хэлэлцээ өрнүүлжээ. Киевийн тэргүүн Володимир Зеленський уг яриа хэлэлцээг “урт бөгөөд утга учиртай” гэж тодорхойлсноо хэвлэлд ярьжээ.
Хоёр улсын удирдагчид лхагва гарагт утсаар ярьсан бөгөөд яриа хэлэлцээ 1 цаг гаруй үргэлжилснийг Ройтерс агентлаг мэдээлж байна. Тэгвэл яриа хэлэлцээний эхэнд БНХАУ-ын дарга Ши Жиньпин Украинд бие төлөөлөгчөө илгээж “Дайныг эцэслэх энхийн төлөвлөгөөгөө” хэрэгжүүлэх хүсэлтэй байгаа гэдгээ Украины ерөнхийлөгчид уламжилжээ. Үүнтэй холбогдуулан Украины ерөнхийлөгч Володимир Зеленський твиттер хуудастаа “Хятад улсын даргын энэ уриалга, мөн Украины элчин сайдыг Бээжин хотноо томилсон нь манай хоёр улсын харилцааг хөгжүүлэхэд хүчтэй түлхэц үзүүлнэ гэдэгт итгэлтэй байна” хэмээн нийтэлжээ. Дараа нь БНХАУ-ын дарга Ши Жиньпин “Володимир Зеленськийн хоёр орны харилцааг хөгжүүлэх хүсэл эрмэлзлийг сайшаасан ч хамгийн гол нь дайныг дуусгавар болгох Бээжингийн үндсэн байр суурь бол асуудлыг энхийн замаар шийдвэрлэхэд дэмжлэг үзүүлэх явдал” гэж хариу мэдэгджээ.
Лхагва гарагт БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Чин Ганг Бээжингийн гол байр суурь бол энх тайвны төлөөх яриа хэлэлцээг үр дүнтэй хэрэгжүүлэх гэдгийг онцолжээ. Мөн тэрээр ОХУ-д элчин сайдаар ажиллаж байсан нэгэн төрийн өндөр дээд албан тушаалтнаа ойрын хугацаанд Украинд илгээж “Улс төрийн зохицуулалт” хийхээ цохон тэмдэглэжээ.
Лхагва гарагт ОХУ-ын Гадаад хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгч Мария Захарова Хятадын дипломат арга барилыг сайшаасан ч Украины байр суурийг шүүмжилсэн байна. Мария Захарова Бээжингийн “Энхийн хэлэлцээг эхлүүлэх үйл явцыг бодит ажил хэрэг болгох идэвх санаачилгыг” сайшаасан ч Киевийн тал “зохицуулалтад чиглэсэн аливаа үр дүнтэй санаачилгыг” үргэлж няцаадаг хэмээн буруутгажээ.
Цагаан ордны тэргүүн Жо Байден, Францын ерөнхийлөгч Эммануэль Макрон нар Хятад, Украины төрийн тэргүүнүүд анх удаа утсаар яриа хэлэлцээ өрнүүлсэнд баяртай байгаа гэдгээ лхагва гарагт мэдэгджээ. Гэхдээ Жо Байден нэг удаагийн яриа хэлэлцээ нь дайныг эцэслэх гэрээ хэлэлцээрт хүрэх эсэхийг шийдвэрлэхгүй төдийгүй үр дүнгийн талаар мэдээлэхэд хэтэрхий эрт байгааг онцолжээ.