Хүний Эрхийн Үндэсний комиссоос нийслэлд амьдарч буй 600 гаруй ахмадыг хамруулан “Ахмад настны эрхийн хэрэгжилт”-ийн талаарх судалгаа хийжээ. Судалгаанд хамрагдсан ахмадуудын тэтгэвэр нь хүний анхдагч хэрэгцээг хангах хоол хүнс, байрны төлбөр зэрэг зайлшгүй хэрэгцээт зүйлсэд нь ч хүрэлцдэггүй гэж хүний эрхийн үндэсний комиссоос хүний эрх, эрх чөлөөний талаарх 22 дахь илтгэлдээ дурджээ.
Нийгмийн даатгалын сангаас өндөр настны тэтгэвэр авч байгаа 333 мянган ахмад настан байгаагийн 82 хувь нь 500-600 мянган төгрөгийн тэтгэвэр авч байна. Тэгвэл тэтгэврийн хүрэлцээгүй байдал, нийгмийн бусад хүчин зүйлсээс улбаалан ахмад настнууд эдийн засгийн болоод үл хайхрах хүчирхийлэлд ихээр өртөж байна гэж Хүний Эрхийн Үндэсний комисс үзэж байна.
Тэгвэл ахмадуудын зүгээс тэтгэврийг хамгийн багадаа нэг сая төгрөг байх тохиолдолд наад захын хэрэгцээгээ хангах боломжтой гэж үзэж байгаа ч тэтгэвэр нэмэгдэхтэй зэрэгцэн өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ өсдөг болохыг мөн онцолсон юм.
Өндөр настны тэтгэврийн талаар Сангийн сайд сэтгүүлчдийн асуултад хариулахдаа өнгөрсөн жил тэтгэврийг тодорхой хэмжээгээр нэмсэн гээд дахин нэмэхийн тулд төсөвт тодотгол хийх шаардлагатай ч энэ нь одоогоор тодорхойгүй байна гэсэн юм.
Ахмад настны тэтгэвэр нэмэх асуудлаар Хөдөлмөр Нийгмийн Хамгааллын яамнаас судалгааны баг гарган ажиллахаар төлөвлөж байгаа юм байна. Ингэхдээ тэтгэврийн зөрүүг багасгах асуудал дээр голчлон анхаарах юм.
ХЭҮК-оос гаргасан дүгнэлтэд ахмад настнууд ажил хөдөлмөр эрхлэлтэд татварын урамшуулал үзүүлэх, нийгмийн оролцоог дэмжих, нийгмийн хөгжилд хувь нэмрээ оруулан мэдлэг туршалага хойч үедээ өвлүүлэх боломжийг бодлогоор дэмжих шаардлагатай гэж үзсэн. Эс тэгвээс жил ирэх бүр үл хайхрах, тэтгэвэр барьцаалах зэрэг эдийн засгийн шинж чанартай хүчирхийлэлд өртөх ахмадуудын тоо нэмэгдсээр байгааг ХЭҮК-оос мэдэгдсэн юм.