Монгол улс нь 1 жилд 1 тэрбум гаруй америк долларын хүнсийг импортоор худалдан авдаг. Тэгвэл импортын хамаарлыг бууруулж, дотоодын үйлдвэрлэлийг дэмжих зорилгоор хүнс хөдөө аж ахуйн салбарын аж ахуй нэгжүүдэд ирэх 5 жилийн хугацаанд 1.7 их наяд төгрөгийн санхүүжилт, зээлийг олгохоор шийдвэрлэсэн. Үүний үр дүнд хүнсний аюулгүй байдлыг хамгаалж, ажлын байрыг нэмэгдүүлэхээс гадна эдийн засаг 2-3 хувиар нэмэгдэнэ гэсэн урьдчилсан тооцоо гарсан байна.
Хүнс, хөдөө аж ахуйн салбарт 2027 он хүртэлх хугацаанд 1.7 их наяд төгрөгийн зээл, санхүүжилт олгохоос энэ онд нийт 1 их наяд төгрөгийн зээлийг тус салбарын аж ахуйн нэгжүүдэд олгоно. Тухайлбал, энэ оны хувьд Засгийн газрын хүүгийн татаастай буюу 5-6 хувийн хүүтэй, 3-5 жилийн хугацаатайгаар тус салбарын ААН, байгууллагад Арилжааны банкаар дамжуулан зээл олгох юм байна.
Энэ жилийн хувьд хүнс хөдөө аж ахуйн салбарт олгож байгаа 1 их наяд төгрөгийн зээлээр хүнсний болон хүнсний зориулалтын сав баглаа боодлын үйлдвэрлэлд хамгийн их хэмжээний санхүүжилт буюу нийтдээ 507 тэрбум төгрөгийн зээл олгож байгаа юм. Энэ нь дотоодын үйлдвэрлэлээр иргэдийн хэрэгцээг хангах зорилгыг нэн түрүүнд тавьж байгаатай холбоотой юм байна. Цаашлаад 5 жилийн хугацаанд импортын хамаарлыг арилгаж, зарим бараа, бүтээгдэхүүнийг тогтмол экспортолж эхэлснээр эдийн засаг 2-3 хувиар нэмж өснө гэсэн юм.
Хүнсний хангамж, аюулгүй байдлын хүрээнд олгож байгаа зээл, санхүүжилтийн эх үүсвэрийн хувьд улсын төсөв, Арилжааны банкны зээл, гадаад зээл тусламж, ЖДҮ-ийг дэмжих сангийн зээл гэсэн 4 төрлөөр санхүүжиж байгаа юм байна. Мөн нийт зээлийн 10 орчим хувийг тус салбарын экспортлогч ААН, байгууллагад олгох талаар холбогдох албаны зүгээс хэлж байна.