Өнгөрсөн оны 12-р сараас хойш ОХУ-ын зэвсэгт хүчний 20 мянга гаруй цэрэг амиа алдсан гэж АНУ-ын албаны төлөөлөл мэдэгдэв

Өнгөрсөн оны 12-р сараас хойш “Бахмутын төлөөх тулаанд” ОХУ-ын зэвсэгт хүчний 20 мянга гаруй цэрэг амиа алдсан гэж АНУ-ын эрх баригчид тооцоолж байна. Мөн байлдааны үеэр ОХУ-ын 80 мянга орчим цэрэг хүндээр шархадсан гэж АНУ-ын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн хэвлэлийн төлөөлөгч Жон Кирби тагнуулын мэдээллээс эш татан мэдээлжээ.

Тэгвэл Украины дайнд амиа алдсан ОХУ-ын 20 мянга орчим цэргийн тал хувь нь хөлсний гэрээт цэргийн “Вагнер групп”-ийн алба хаагчид байсныг АНУ-ын нууцын зэрэглэлээс гаргасан тагнуулын мэдээлэлд өгүүлжээ. 

ОХУ-ын зэвсэгт хүчин өнгөрсөн оны 12-р сараас эхлэн Украины Донецк мужийн Бахмут хэмээх жижиг хотыг хяналтдаа оруулахын тулд улайран давшиж байгаа юм. Тэгвэл одоогоор ОХУ-ын цэргүүд Бахмут хотын 80 орчим хувийг хяналтдаа оруулсан ч Украины арми тус хотын баруун зүгт орших тээвэр логистикийн төв гарцыг дайсагнагч талд алдахгүйн тулд хүчтэй эсэргүүцлийг үзүүлсээр байна. Бахмутын төлөөх тулаан нь дайтагч талуудын хувьд асар их бэлгэдлийн ач холбогдолтой болсон гэж ажиглагчид үзэж байна. Мөн Украины эрх баригчид энэ тулааныг ашиглан ОХУ-ын аль болох олон цэргийг устгаж, нөөцийг нь шавхах оролдлого хийж байгааг шинжээчид мөн онцолж байна.

АНУ-ын Аюулгүйн зөвлөлийн хэвлэлийн төлөөлөгч Жон Кирби ОХУ-ын зэвсэгт хүчин Донецк мужаас цааш давшилтаа эрчимжүүлж, Украины газар нутгийн гүн рүү нэвтрэхийн тулд Бахмутыг ашиглах төлөвлөгөө нь бүтэлгүйтлээ. Мөн тэрбээр ОХУ-ын зэвсэгт хүчин одоог хүртэл бодит стратегийн чухал ач холбогдолтой газар нутгийг булаан авч чадаагүй хэвээр байгааг цохон тэмдэглэжээ.

Өнгөрөгч даваа гарагт ОХУ-ын хөлсний гэрээт цэргийн “Вагнер групп”-ийн тэргүүн Евгений Пригожин ээлжит удаагаа улсынхаа Батлан хамгаалахын сайд, эрх баригчдын хурцаар шүүмжилж байгаа бичлэгээ телеграм хуудастаа нийтэлжээ. Тэрбээр “Бид оросын ард түмэнд бүх зүйл сайхан байгаа мэтээр худлаа хэлэхээ зогсоож бодит байдлыг шууд дамжуулах хэрэгтэй байна” хэмээгээд зэр зэвсгийн нөөцгүй болсон ОХУ-ын зэвсэгт хүчний шившигтэй нөхцөл байдлаас ичиж байгаа гэдгээ мэдэгджээ. Түүнчлэн тэрбээр Украины армийн "Сахилга бат, дайны үр дүнтэй стратеги" болон командлалыг сайшаажээ.