Манай улс арматурын нийт хэрэглээний 90 хувийг импортоор авч, үлдсэн хувийг дотооддоо үйлдвэрлэдэг байна. Тэгвэл арматур төмөр худалдан, борлуулж байгаа импортын болон дотоодын үйлдвэрлэлийн 16 аж ахуй нэгжийн үйл ажиллагаанд хяналт тавин Барилга хот байгуулалтын яамнаас шалгалт хийсэн байна. Арматурын чанарын шалгалтыг лаборатори болон бодит туршилт хийн жингийн зөрүүтэй байдал алдагдсан механик үзүүлэлт зөрсөн зэрэг ноцтой зөрчил илэрсэн талаар тус яамны төлөөлөл мэдэгдлээ.
Уг ажлын хүрээнд зах зээлд худалдан борлуулагдаж байсан арматур гадаад, дотоод хөндлөн огтлол, чихний өргөн, онолын жин зэрэг механик үзүүлэлтүүдийг хангаагүй байна. Газар хөдлөлтийн идэвхжил өндөр байгаа энэ үед барилгын үндсэн бүтцэд ордог арматурын чанар аюулгүй байдлын шаардлага хангахгүй байгаа нь ноцтой зөрчил гэдгийг холбогдох албаны төлөөлөл мэдээлж байна.
Мөн дотоодын үйлдвэрийн нэр бүхий гурван аж ахуй нэгжийн үйлдвэрлэсэн арматур төмөр стандарт шаардлага хангаагүй байсан тул үйлдвэрийн үйл ажиллагааг нь зогсоож, нэг үйлдвэрт нь зөрчлийн хэрэг нээн шалгаж байна.