Монгол улсад бараа, бүтээгдэхүүний үнэ нэгэнт нэмэгдсэн бол буцаж буурдаггүй гэж иргэд шүүмжилдэг. Тэгвэл сүүлийн жилүүдэд иргэдийн хүнсний гол хэрэглээ болох махны үнэ огцом нэмэгдэж байна. Тиймээс нэгдсэн бодлого шийдвэрээр махны үнийн асуудлыг зохицуулах зайлшгүй шаардлагатай байгаа гэдгийг малчид, махны худалдаачид, хэрэглэгчид хэлж байна.
Махны үнэ огцом нэмэгдэж байгаа нь хивэг, өвс зэрэг малын тэжээлт ургамлын үнэ нэмэгдсэнтэй холбоотой байна. Өвөлжилтийн хүндрэлээс шалтгаалж хаврын улиралд малын тамир тэнхээ муудаж байгаа учир өвс, хивэг, тэжээлийн ургамлын эрэлт ихсэж, үнэ нэмэгджээ. Тухайлбал малчид өмнө жил нэг боодол өвсийг 10.000 орчим төгрөгөөр худалдаж авдаг байсан бол энэ жил 20-40 мянган төгрөгөөр авч байгаа юм байна. Мөн бензин шатахууны үнэ зэрэг урсгал зардал ихээхэн гарч байгаа талаар малчдын зүгээс хэлж байна.
Ченж буюу махны худалдаачдыг махны үнийг хөөсрүүлэн нэмэгдүүлж байна гэх хардлага иргэдийн дунд байдаг. Тэгвэл тэдний хувьд мах тээвэрлэх өртөг, байрлаж зарах газрын түрээс зэрэг олон зардал гардаг. Тиймээс анх малчдаас авсан махны үнийн дүн дээр тодорхой хувийг нэмэн борлуулдаг. Гэсэн хэдий ч энэ нь махны худалдаачдын амьжиргаанд хүрэлцдэггүй гэж тайлбар өглөө.
Харин холбогдох яамны зүгээс малчид тухайн сумынхаа хөдөө аж ахуйн тасагт хандаж хэчнээн хэмжээний өвс, тэжээлийг хэрэглэх талаар захиалгыг зайлшгүй өгөх шаардлагатай гэсэн юм. Үүнээс гадна тариалалтын хангайн бүсэд оршин суудаг малчдыг өөрсдөө тэжээлийн ургамал тарихыг зөвлөлөө. Ингэснээр цаг уурын гэнэтийн нөхцөл байдлын эрсдэлийг багасгахаас гадна махны үнийг тогтворжуулна гэсэн юм.
Баянзүрх захад үхрийн цул махыг дунджаар 18.500 төгрөгөөр худалдаалж байна. Үүнийг 2 сарын өмнөх үнийн дүнтэй харьцуулж харвал даруй 2000 орчим төгрөгөөр нэмэгдсэн байна. Харин долоо хоногийн өмнөх үнийн дүнтэй харьцуулж харвал үхрийн цул мах 100-300 орчим төгрөгөөр өссөн байна. Тиймээс энэ төрлийн бүтээгдэхүүний үнийн өсөлтийг аль аль талдаа эергээр нөлөөлөхүйц нэгдсэн бодлого шийдвэрээр зохицуулах хэрэгтэй байгаа юм.