ҮХНӨ-д УИХ-ын 76 гишүүнийг тойргоос, 76 гишүүнийг пропорционал аргаар сонгох өөрчлөлт тусгажээ

Засгийн газраас Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн төслийг боловсруулан УИХ-ын даргад өчигдөр өргөн барилаа. Уг хуулийн төсөлд УИХ-ын сонгуулийг холимог тогтолцоогоор явуулах, парламентын гишүүдийн тоог 152 болгох өөрчлөлтийг тус тус тусгажээ. Нэмэлт өөрчлөлт оруулснаар парламентад зөвхөн хоёр нам дангаар суудал эзэлдэг байдлыг хязгаарлах бөгөөд УИХ-ын гишүүний иргэнийг төлөөлөх чадвар нэмэгдэнэ гэж хууль санаачлагчид үзэж байна.

Монгол улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөл Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн хуулийн төслийн асуудлаар мягмар гарагт хуралдсан. Тэгвэл хуулийн төслийг өчигдөр Засгийн газрын хуралдаанаар дэмжиж УИХ-ын даргад ҮХНӨ-ийн төслийг өргөн барилаа.

УИХ-ын гишүүдийн тоог шинэчлэн тогтоох, сонгуулийн дэвшилтэд хувилбарыг судлан үндсэн хуульд тусгах заалт бүхий тогтоолыг УИХ-аас Засгийн газарт өнгөрсөн наймдугаар сард хүргүүлж байсан. Тэгвэл үүний дагуу Засгийн газар Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн төслийг боловсруулсан. Уг хуулийн төсөлд УИХ-ын гишүүдийн тоог шинэчлэн тогтоож 152 болгох бөгөөд УИХ-ын сонгуулийг холимог тогтолцоогоор зохион байгуулах өөрчлөлтийг тусгасан юм.

Сонгуулийн холимог тогтолцоо нь парламентад 2 нам давамгайлдаг байдлыг бууруулж, олон намуудын төлөөлөл орж ирэх боломжийг олгоно. Түүнчлэн УИХ-ын гишүүдийн тоо нэмэгдсэнээр иргэдийг төлөөлөх чадамж нэмэгдэнэ гэж үзэж байна.