Өнөөдрийн байдлаар нийслэлийн 3 дүүргийн 170 орчим ТҮЦ буюу түргэн үйлчилгээний цэгийг нүүлгэн шилжүүлжээ. Үүний улмаас эдгээр ТҮЦ-ийн худалдаа эрхлэгчид ажлын байргүй болж орлогын эх үүсвэрээ алдсан тул тэдгээрийн төлөөлөл болох зарим иргэд хуурай өлсгөлөн зарлаад 3 хонож байгаа юм байна.
Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас нийтийн эзэмшлийн зам, талбайг чөлөөлж, иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах, явган алхах, саадгүй зорчих нөхцөл, боломжийг бүрдүүлэхийн тулд нийслэлийн 6 дүүргийн автобусны буудал дээр байрлах түргэн үйлчилгээний цэгүүдийг нүүлгэн шилжүүлсэн. Гэсэн хэдий ч худалдаа эрхлэгчдийн дараагийн ажлын байрыг бүрэн бэлдээгүйн улмаас иргэд орлогын эх үүсвэрээ алдаж өрийн дарамтад орсон гэлээ. Улмаар эсэргүүцлээ илэрхийлэн хуурай өлсгөлөн зарлахад хүрчээ.
Өнгөрөгч 2022 онд нийслэл болон дүүргүүдийн төлөөллүүд түргэн үйлчилгээний цэгийн худалдаа эрхлэгчидтэй уулзан заасан байршилд нүүлгэн шилжүүлэлт хийх тухай гэрээ байгуулсан юм байна
“Түцээр амь зуугчдын холбоо” нь 450 орчим гишүүнтэй. Эдгээр иргэдийн дийлэнх нь өдрийн зээл авч худалдаа үйлчилгээ эрхэлдэг байна. Худалдаа эрхлэгчид түргэн үйлчилгээний цэгүүдийг нүүлгэн шилжүүлэх ажлыг буруутгаагүй. Стандартад нийцсэн 1-2 ТҮЦ автобусны буудал дээр байх нөхцөлийг бүрдүүлэхийг шаардаж байсан юм. Харин автобусны буудлын ойр орчимд байрлах түргэн үйлчилгээний цэгүүдийг нүүлгэснээр иргэд чөлөөтэй зорчих боломжтой болж орчин нөхцөл сайжирсан гэдгийг холбогдох албаныхан хэлж байсан юм.