Жилд дунджаар Гаалийн ерөнхий газрын нийт албан хаагчдын 50-90 нь сахилгын шийтгэл хүлээдэг

Нүүрсний хулгайн хэргийг мөрдөн шалгах явцад нүүрс тээврийн 11.000 автомашин хилээр гарсан мэдээллийг цахим бүртгэлийн системээс устгасан талаар АТГ-аас өнгөрөгч 3-р сард мэдээлж байсан. Тэгвэл тус асуудлыг өнөөг хүртэл мөрдөн шалгаж байгаа юм байна. Гаалийн ерөнхий газраас үйл ажиллагаандаа хамгаалалт сайтай мэдээллийн сервер, цахим систем ашигладаг бөгөөд тус байгууллагад төрийн байгууллагын мэдээллийн аюулгүй байдлын дүрэм, журам үйлчилдэг гэх тайлбарыг өгч байна.

Хилийн боомтууд болон гүний гаалийн байгууллагад нийт 1500 гаруй алба хаагч ажилладаг байна. Тэгвэл үүнээс жилд дунджаар 50-90 алба хаагчид сахилгын шийтгэл хүлээдэг гэх тоон судалгаа гарчээ. Тухайлбал, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж архи, согтууруулах ундаа болон бусад хориглосон бараа бүтээгдэхүүнийг хууль бусаар нэвтрүүлсэн, гаалийн болон бусад татвар төлөхөөс зайлсхийсэн гэх мэт зөрчлүүд олноор гардаг байна.

Хамгийн сүүлийн жишээг дурдахад Сэлэнгэ аймаг дахь Гаалийн газрын гаалийн улсын байцаагч О, Г, М нар нь албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж Алтанбулагийн чөлөөт бүсээс архи, согтууруулах ундааг удаа дараа хууль бусаар нэвтрүүлсэн үйлдэл гарсан байна. Энэ асуудалд холбогдсон этгээдүүдэд сахилгын шийтгэл ногдуулж, албан тушаалаас нь түдгэлзүүлсэн байна.

Тэгвэл Гаалийн ерөнхий газрын албан хаагчдыг хариуцлагжуулах хүрээнд бүх төрлийн үйлчилгээг шат дараатайгаар цахимжуулах ажлыг хийж эхлээд байгаа талаар мэдэгдлээ. Ингэснээр гаальд ажилладаг алба хаагчид ашиг сонирхлын зөрчилгүй, ил тод нээлттэй, шударга ажиллах боломж бүрдэж байгаа юм.