Швейцарийн Парламентын доод танхимын гишүүд Тайванийн хууль тогтоох байгууллагатай харилцаагаа өргөжүүлэх, нягт холбоо тогтоох саналыг дэмжсэн байна. Швейцарын зүүний үзэл сурталтай намын гишүүд уг саналыг ерөнхийд нь дэмжсэн бол баруун болон чөлөөт зах зээлийн үзэл баримтлалтай намын гишүүд эсэргүүцжээ.
Ардчилал, энх тайван, тогтвортой байдлыг бэхжүүлэх, эдийн засаг, улс төр, шинжлэх ухаан, соёлын солилцоог гүнзгийрүүлэхийн тулд Тайванийн хууль тогтоох байгууллагатай харилцаагаа "Бэхжүүлэх"-ийг Швейцарийн Парламентын доод танхимын 97 гишүүний 87 нь дэмжсэн байна.
Уг санал, санаачилга нь зөвхөн Парламентын доод танхимд хамаарах бөгөөд дээд танхим буюу Төрийн зөвлөлийн гишүүд тус санаачилгад нэгдэхгүй байх болон дэмжихгүй байж болно гэдгийг Швейцарын Засгийн газрын хэрэг эрхлэх газраас мэдээлжээ. Харин одоо Парламентын доод танхимын гишүүдийн дийлэнх олонхын дэмжсэн саналыг хэрхэн хэрэгжүүлэх, бодит ажил хэрэг болгох асуудлыг тус улсын Гадаад хэргийн яам сайтар судлах юм байна.
Швейцарын бодлого тодорхойлогчдын уг шийдвэрийн хариуд БНХАУ-ын эрх баригчид шийдэмгий хариу арга хэмжээ авч болзошгүй гэж ажиглагчид үзэж байна. Хятад улс нь Тайванийн засаг захиргааны онцгой бүсийг эх газрын Хятад улсын салшгүй нэг хэсэг гэж үздэг. Мөн шаардлагатай бол хүч хэрэглэн нэгтгэх боломжтой гэдгийг ч Хятад улсын дарга Ши Жиньпин нэг бус удаа анхааруулсан.
Тэгвэл Швейцарийн Гадаад хэргийн яам Тайванийн эрх баригчидтай албан ёсны дипломат харилцаа тогтоохгүй бөгөөд “Нэг Хятад” бодлогыг тууштай дэмжиж байгаа гэдгээ цахим хуудастаа нийтэлсэн байна. Гэвч бодит байдалд Швейцарын эрх баригчид ардчилал, энх тайвныг бэхжүүлэх шинэ арга замыг олсон нь олон улсад жишиг болох төлөвтэй байна. Учир нь Швейцарын Парламентын доод танхим нь Тайванийн хууль тогтоох байгууллагатай харилцаа тогтоосон гэдгээ онцолсон бөгөөд зөвхөн төлөөлөгчдөөр дамжуулан ажил хэрэг үргэлжлэх боломжтой гэдгийг цохон тэмдэглэжээ.