Украины эрх баригчид АНУ-ын дэмжлэгтэйгээр Кремлийн ордон руу дроноор халдлага үйлдлээ гэж Дмитрий Песков өнгөрөгч пүрэв гарагт мэдэгджээ. Мөн тэрээр энэхүү халдлага нь ерөнхийлөгч Владимир Путины амийг хөнөөх зорилготой террорист үйл ажиллагаа байсныг цохон тэмдэглэжээ.
АНУ-ын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн хэвлэлийн төлөөлөгч Жон Кирби “Киев болон Вашингтон тус дроны халдлагад огт хамааралгүй бөгөөд ОХУ-ын эрх баригчид дайныг хурцатгах зорилгоор өөрсдөө халдлага үйлдсэн” гэж хариу мэдэгджээ.
Орон нутгийн цагаар өнгөрөгч лхагва гаргийн үүрийн 04 цаг орчимд ОХУ-ын ерөнхийлөгчийн ордон руу нисгэгчгүй сөнөөгч онгоцоор халдлага үйлдсэн нь Москвагийн хувьд үнэхээр ичгэвтэр зүйл болсон талаар хэвлэлүүд мэдээлж байна. Учир нь Кремлийн ордон нь манай гаргийг хамгийн аюулгүй, тусгаарлагдсан, хамгаалагдсан бүс гэж ажиглагчид үздэг байна.
Лхагва гарагт болсон халдлагын дараа ОХУ-ын Төрийн өндөр дээд албан тушаалтнууд яаралтай шуурхай хариу арга хэмжээ авахыг Кремлийн тэргүүн В.Путинд уриалжээ. Тухайлбал тус улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн орлогч дарга Дмитрий Медведев “Украины ерөнхийлөгч В.Зеленськийг устгаж, халдлага үйлдсэнийх нь горыг амсуулах ёстой” гэсэн байна. Түүнчлэн Орос улсын Төрийн Думын дарга “дэвшилтэт зэр зэвсгээ ашиглан, яаралтай хариу арга хэмжээ авахыг” мөн уриалсан байна.
ОХУ-ын ерөнхийлөгч В.Путин дроны халдлагын хариуд шуурхай хариу арга хэмжээ авах асуудлаар өнөөдөр Батлан хамгаалахын сайд Сергей Шойгутай шуурхай хуралдахаар болсныг Оросын дотоодын хэвлэлүүд мэдээлжээ.