Эх баригчаар ажиллаж байгаа нийт мэргэжилтнүүдийн 61 хувь нь 50 орчим настай

Өнөөдрийн байдлаар Монгол улсад 1100 орчим эх баригч эмч ажиллаж байна. Эдгээр эмч нарын 61 хувь  нь 49-өөс дээш насны ажилтнууд байна. Иймд уг салбарт залуу боловсон хүчин бэлтгэн хүний нөөцийг нэмэгдүүлэх нэн шаардлагатай байгааг салбарын төлөөллүүд онцолж байна.

Манай улсын эрүүл мэндийн салбарт нийт 1115 эх баригч ажиллаж байгаагийн 39 .6 хувь нь сумын эрүүл мэндийн төв, сум дундын эмнэлэгт, 24.4 хувь нь нэгдсэн эмнэлэг, дүүргийн эрүүл мэндийн төв, амаржих газар зэрэгт, 15.3 хувь нь ажиллаж байна. Гэсэн хэдий ч эрүүл мэндийн байгууллагад хүний нөөцийн дутагдал их байгаа тул нэг ажилтан гурван хүний ажлыг зэрэг хийх тохиолдол цөөнгүй байна. Мөн эдгээр ажилтнуудын авч байгаа цалин хөлс муу байдаг тул нийгмийн хамгааллаа сайжруулах хүсэлтэй байгаагаа хэлж байна

Тэгвэл салбарын яамнаас ажиллагсдын цалин хөлсийг нэмэгдүүлэх, ажиллах орчин нөхцөлийг нь сайжруулах тал дээр анхаарч ажиллаж байгаа гэлээ. Мөн цаашид зарим эмнэлгүүдэд техник технологийн шинэчлэл хийх шаардлагатайг онцолж байна.

Засгийн газрын тогтоолоор гаргасан тэргүүлэх зэргийн мэргэжилд эх баригчийн мэргэжлийг нэрлэсэн байдаг. Улмаар энэ чиглэлээр суралцах оюутан залууст тэтгэлэг сургалтын зээл зэргийг олгох боломж бүрдэх юм байна.