Өнгөрөгч бямба гарагт Украины агаарын довтолгооноос хамгаалах хүчин АНУ-ын “Патриот” системийг ашиглан ОХУ-ын дуунаас хурдан пуужинг устгаснаа мэдэгджээ. Ийнхүү Украины арми анх удаа ОХУ-ын хамгийн орчин үеийн пуужингуудын нэгийг сөнөөж чадсан байна.
Украины агаарын довтолгооноос хамгаалах хүчний командлагч Микола Олещук ОХУ-ын "Кинжал" төрлийн дуунаас хурдан пуужинг Украйны нийслэл Киев рүү халдах үед аюулгүй болгосноо “Телеграм” хуудастаа нийтэлжээ. Энэ нь Украинд НАТО-ын стандарт бүхий агаарын довтолгооноос хамгаалах системийг анх удаа ашигласан нь амжилттай болсон үйл явдал гэж шинжээчид үзэж байна. “Кинжал” нь ОХУ-ын хамгийн сүүлийн үеийн, хамгийн дэвшилтэт зэвсгүүдийн нэг юм. Агаарт хөөргөсөн дуунаас хурдан пуужин нь 2000 км хүртэлх зайд тусдаг бөгөөд дууны хурднаас 10 дахин хурдан тул уг пуужинг агаарын довтолгооноос хамгаалах системээр устгах боломжгүй гэж ОХУ-ын эрх баригчид нэг бус удаа мэдэгдэж байсан юм.
Тооцоолшгүй хурд болон хошууны хүндийн хослол нь “Кинжал”ыг газар доорх нуувч эсвэл уулын бэлдэх хорогдох байр зэрэг ямар ч байг устгах боломжтой гэж танилцуулж байжээ. Мөн Кремлийн эрх баригчид АНУ-ын Патриот систем “Кинжал” хэт авианы пуужинг устгах боломжгүй гэж өмнө нь анхааруулж байсан юм. Харин Украины арми тус пуужинг амжилттай устгасан нь Оросын хоосон хийрхэл байсныг нотоллоо гэж ажиглагчид үзэж байна.
Үүнээс гадна өнгөрөгч долоо хоногт ОХУ-ын хөлсний гэрээт цэргийн Вагнер группийн тэргүүн Евгений Пригожин их буу болон бууны сумны хангамж тасалдаж байгааг хурцаар шүүмжилж, нийлүүлэлтээ сайжруулахгүй бол энэ сарын 10-нд цэргээ Бахмут хотоос татан авна гэдгээ анхааруулсан юм. Харин Е.Пригожин өнгөрөгч ням гарагт ОХУ-ын Батлан хамгаалах яамны удирдлагууд хангамжаа сайжруулах, нийлүүлэлтээ нэмэгдүүлэх амлалтыг өгсөн бөгөөд Бахмут хотод хяналтаа тогтоох давшилтаа үргэлжлүүлэх боломжтой гэдгээ мэдэгджээ.