Вьетнам улсад агаарын температур урьд өмнө нь бүртгэгдэж байгаагүй хэмжээнд хүрч халсныг тус улсын Цаг уурын байгууллагаас мэдээлжээ. Уур амьсгалын өөрчлөлт агаарын температур цельсийн 44 хэмд хүрэхэд нөлөөлсөн гэж цаг уурчид үзэж байгаа юм байна. Уг үзүүлэлт удахгүй ахин шинэчлэгдэх төлөвтэй байна.
Ням гарагт тус улсын Тан Хоа мужид агаарын температур цельсийн 44 хэмд хүрч хэт халсан нь түүхэн дээд үзүүлэлт болжээ. Үүнтэй холбогдуулан албаны хүмүүс иргэдээ нарны тусгал оргилдоо хүрэх үед гэрээсээ аль болох гарахгүй байхыг анхааруулсан байна. Түүнчлэн бүс нутгийн бусад орнуудад ч хэт халалт бүртгэгдсэн байна.
Тайланд улсын баруун нутгийн Мак мужид агаарын температур цельсийн 44 хэмд хүрч, мөн түүхэн дээд үзүүлэлттэй тэнцсэн байна. Үүний зэрэгцээ Мьянмарын зүүн нутгийн нэгэн хотод агаарын температур цельсийн 43.8 хэмд хүрсэн нь сүүлийн арван жилийн хамгийн өндөр температур, дээд үзүүлэлт болжээ.
"Уур амьсгалын өөрчлөлт болон дэлхийн дулаарлын нөхцөл байдлыг харгалзан үзвэл Вьетнамд агаарын температур цаашид өсөх төлөвтэй байгааг Цаг уурын байгууллагаас анхааруулж байна. Түүнчлэн цаг агаарын нөхцөл байдал эрс тэс болсоор байгаа нь цэвэр уур амьсгалын өөрчлөлттэй холбоотой байна. Дөнгөж хоёр долоо хоногийн өмнө Ханой хотын агаарын температур цельсийн 15 хэмийг үзүүлж байсан бол богино хугацаанд дулаан агаарын урсгал бүс нутгийг хамарсан байна. Түүнчлэн өнгөрөгч ням гарагт Бангладешийн нийслэл Дака хотод 1960 оноос хойших хамгийн өндөр температур бүртгэгдсэн байна.
Олон улсын хамтын нийгэмлэг, ОУ-ын Засгийн газрууд дэлхийн температурын өсөлтийг 1.5 хэмээс хэтрүүлэхгүй байхаар зорилт тавьсан ч манай гараг хэдийн 1.1 хэмээр дулаараад байгаад шинжээчид санаа зовниж байна.