“Долоогийн бүлэг”-ийн хууль тогтоогчид эрсдэлд суурилсан хиймэл оюун ухааныг зохицуулах журмыг батлах ёстой гэж сайд нар мэдэгджээ

Европын хууль тогтоогчид хиймэл оюун ухаанд суурилсан цахим хэрэгслүүдийн ашиглалтад хяналт тавихын тулд холбогдох шинэ хууль батлахаар яаравчилж байна. Үүнтэй холбогдуулан “Долоогийн бүлэг”-ийн гишүүн улсын эрх баригчид хиймэл оюун ухааны "Эрсдэлд суурилсан" журмыг батлах ёстой гэдгийг тус бүлгийн гишүүн улсуудын Дижитал хөгжлийн сайд нар мэдэгджээ.

Гэхдээ аливаа зохицуулалт болон дүрэм журам нь хиймэл оюун ухааны технологийг хөгжүүлэгчдэд "Нээлттэй, таатай орчныг бүрдүүлэх ёстой төдийгүй ардчилсан үнэт зүйлд суурилсан байх ёстой гэдгийг сайд нар цохон тэмдэглэжээ. Долоогийн бүлгийн гишүүн улсуудын Дижитал хөгжлийн сайд нар "Итгэмжлэгдсэн хиймэл оюун ухааны нийтлэг алсын хараа, зорилгод хүрэх бодлогын арга хэрэгсэл нь тус гишүүн орнуудад харилцан адилгүй байж болно" гэдгийг хүлээн зөвшөөрсөн байна.

Японы Хирошима хотноо энэ сарын сүүлээр зохион байгуулагдах “Долоогийн бүлэг”-ийн дээд хэмжээний уулзалтын хэлэлцэх асуудлын нэн тэргүүнд хиймэл оюун байна гэдгийг эх сурвалжууд мэдээлж байна. Мөн дээд хэмжээний уулзалтаар Украины дайны нөхцөл байдал болон Украины ард түмэнтэй эв санааны хувьд нэг гэдгээ бүлгийн гишүүн улсын удирдагч нар ээлжит удаагаа нотолно гэдгийг уулзалтыг зохион байгуулагч Япон улсын ерөнхий сайд Кишида Фүмио мэдэгджээ.

Мөн удирдагчид Энэтхэг-Номхон далай, Зүүн азийн бүс нутагт тулгарч байгаа сорилтуудын талаар хэлэлцэх төлөвтэй байна. Тэгвэл Японы эрх баригчид Умард Солонгосын цөмийн зэвсгийн хөгжүүлэлтийг хязгаарлах, үл дэлгэрүүлэх асуудлыг болон дэлхийн хагас дамжуулагчийн үйлдвэрлэл, зах зээлийн ээдрээтэй байдлыг хэлэлцэхийг мөн урьтал болгохоо онцолжээ.