Манай улсын экспортын 92 хувийг уул уурхайн бүтээгдэхүүн дангаараа эзэлдэг. Гэсэн ч өнгөрсөн жилүүдэд уул уурхайн бүтээгдэхүүн тэр дундаа нүүрсний экспортоос орж ирэх орлого бүрэн хэмжээгээрээ улсын төсөвт төвлөрдөггүй байжээ. 2022 онд гэхэд л нүүрсний экспортын орлогын ердөө 33 хувь нь төсөвт орсон байна. Тэгвэл энэ оны 1-р сараас нүүрсийг цахим биржээр худалдаалж эхэлснээр нүүрсний экспортын орлогын хувь 66 болон өсөж, 189 сая ам.доллар манай улсын төсөвт оржээ.
Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хууль хэрэгжиж эхлэх хугацаа буюу 6-р сарын 30-ны өдрийг дуустал нүүрсийг цахим биржээр нээлттэй худалдаалах журам хэрэгжиж байгаа. Ингэснээр уул уурхайн бүтээгдэхүүний үнийг шударгаар тогтоох, борлуулалтыг нээлттэй, зах зээлийн зарчимд нийцсэн байдлаар хийх боломж бүрдэнэ гэж тооцоолоод байгаа юм. Мөн уул уурхай тэр дундаа нүүрс худалдаалахтай холбоотой авлигал, оффшорын асуудлыг цэгцэлнэ гэж үзсэн нь эхнээсээ үр дүнгээ өгч байна гэж мэргэжилтнүүд үзэж байна.
Хэдийгээр эрх зүйн орчин бүрдэж байгаа ч экспортод гаргах уул уурхайн бүтээгдэхүүнийг биржээр нээлттэй цахимаар арилжаалах нь манай улсад анх удаа хийгдэж байгаа харилцаа юм. Сүүлийн өдрүүдэд цахим арилжаагаар нүүрсний дуудах доод үнэ өндөр байгаагаас шалтгаалж БНХАУ-ын худалдан авагчид цахим арилжаанд оролцохгүй байх тохиолдол гарч байгааг зарим судлаачид хэлж байсан. Харин мэргэжилтнүүдийн зүгээс энэ нь БНХАУ-ын дотоодын эдийн засагтай холбоотой гэж үзэж байна. Учир нь хятад улс энэ оны эхний улиралд дотоодын эдийн засгийн өсөлтийг 5 хувь давуулах төлөвлөгөөтэй байсан ч бодит байдалд 4,5 хувьд хүрчээ.
Мөн манай улсын нүүрс экспортын гол нийлүүлэгч болох БНХАУ-ын эрэлт өндөр хэвээр үргэлжлэх төлөвтэй байна. Уул уурхайн биржийн тухай хууль энэ оны 6-р сарын 30-ны өдрөөс хэрэгжиж эхэлснээр уул уурхайн бүх бүтээгдэхүүнийг цахимаар арилжаалах боломж бүрдэнэ. Ингэснээр экспортын улсын төсвийн орлогыг нэмэгдүүлнэ гэж мэргэжилтнүүд үзэж байна.