Манай улсын хүн амын 49 хувийг эрэгтэйчүүд, 51 хувийг эмэгтэйчүүд эзэлж байна. Гэвч бүх насны бүлэгт эрэгтэйчүүдийн ажиллах хүч, эдийн засагт оролцох оролцоо эмэгтэйчүүдийнхээс их байна. Харин эмэгтэйчүүдийн оролцоо бага байгаа нь эмэгтэйчүүд хөдөлмөр эрхлэхээсээ илүүтэйгээр гэр бүлээ асрах, хүүхэд төрүүлж өсгөх зэргээс шалтгаалж байна гэж мэргэжилтнүүд үзэж байна.
- Эмэгтэйчүүдийн ажиллах хүчний оролцооны түвшин 51.5 хувь харин эрчүүдийнх илүү буюу 66.4 хувь байгаа нь төрөлтийн түвшин нэмэгдэхийн хэрээр эмэгтэйчүүдийн хөдөлмөр оролцооны түвшин буурч байгаагийн илрэл юм.
- Судалгаагаар 25-39 насны бүлэгт хамгийн их буюу эрэгтэй эмэгтэйчүүдийн ажил эрхлэлт 19.9-30.4 нэгж хувийн зөрүүтэй байна.
- Энэ нь эмэгтэйчүүд 25-39 насандаа хүүхэд төрүүлэх, асрах зорилгоор ажиллах хүчний эгнээнээс гардагтай холбоотой юм.
- Улсын хэмжээнд 15-аас дээш насны нийт хүн амын 865 мянга нь ажиллах хүчний эгнээнээс гарсан хүмүүс байна. Эдгээр иргэдийн 15 хувь нь буюу 103.966 нь жирэмсэн, 8996 нь хүүхдээ сургуульд сургахаар, харин 12.586 нь бусдыг асардаг нь судалгаагаар тогтоогджээ.
Дэлхийн эдийн засгийн шинжлэх ухаанд жендерийн эрх тэгш байдлын талаар сүүлийн 20-30 жилд тасралтгүй судалгаа явуулсан байна. Тус судалгаагаар эдийн засагт эмэгтэйчүүдийн оролцоо багасах тусам эдийн засаг өсөхгүй байх магадлалтай гэж гарсан байна. Харин жендерийн эрх тэгш байдлыг хангаснаар эдийн засаг өсөх магадлалтай юм байна. Манай улсын хувьд нийт иргэдийн дийлэнх буюу 51 хувь эмэгтэйчүүд байгаа нь эдийн засагт ихээхэн нөлөөлөхийн илрэл гэдгийг мэргэжилтнүүд хэлж байна.
Монфемнет үндэсний сүлжээнээс жил бүр зохион байгуулдаг “Эмэгтэйчүүдийн нүдээр” 14-р чуулган “Асрахуйн эдийн засаг” сэдвийн хүрээнд зохион байгуулагдлаа. Эдийн засгийн тогтвортой хөгжлийг дэмжих бодлогод цалин хөлстэй хөдөлмөр, цалин хөлсгүй хөдөлмөр гэж 2 хуваан авч үздэг байна. Цалин хөлсгүй буюу асахуйн хөдөлмөр эрхэлж буй эмэгтэйчүүдийн хөдөлмөр үнэлэгдэхгүй байгаа талаар дурдсан юм. Асрахуйн хөдөлмөр гэдэг нь гэр бүлээ асрах, хүүхдээ харж өсгөж буй эмэгтэйчүүдийг хэлдэг байна. Тэдний хөдөлмөр үнэлэгдээд ирвэл дотоодын нийт бүтээгдэхүүн 16.1 хувиар нэмэгдэх магадлалтай гэсэн тоо баримт байгаа юм.
Эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэхийн тулд төрөөс бодлогын түвшинд арга хэмжээ авч харж үзэх ёстой юм байна. Үүний нэг нь хүүхдээ өсгөж гэртээ сууж буй эхчүүдийг дэмжихийн тулд төрөөс “Цалинтай ээж” хөтөлбөрийг хэрэгжүүлдэг боловч хөтөлбөрийн хүрээнд сар бүр олгодог 50 мянган төгрөг нь хүүхдийн наад захын хэрэгцээг хангаж чадахгүй байгаа юм.
Хөдөлмөрийн зах зээлд эмэгтэйчүүдийг ижил тэгш оролцуулъя гэвэл зах зээлийн эдийн засагт цалин хөлсгүй хийгддэг асран халамжлах ажлыг хүлээн зөвшөөрч ачааллыг багасгах, дахин хуваарилах цогц стратегийг хэрэгжүүлэх нь чухал юм.