Ялалтын баярын өдрөөр ОХУ-ын Зэвсэгт хүчин нисгэгчгүй сөнөөгч онгоц болон пуужингаар Украины газар нутагт цохилт өгсөн байна

Ялалтын баярын өдрөөр ОХУ-ын Зэвсэгт хүчин нисгэгчгүй сөнөөгч онгоц болон пуужингаар Украины газар нутагт цохилт өгсөн байна. Үүнтэй холбогдуулан Украин даяар онц байдлын дуут дохио ээлжит удаагаа дуугарчээ.

Өнгөрөгч даваа гарагт ОХУ-ын Зэвсэгт хүчин Украины нийслэл Киев хот руу нийтдээ 60 орчим “Камиказе” дроноор цохилт өгснийг Ройтерс агентлаг мэдээлж байна. Мөн Киев хотын захирагчийн хэвлэлд ярьснаар Оросын 60 орчим дроны 34 нь нийслэл Киев хотыг чиглэсэн байна. Харин АНУ-аас илгээсэн “Патриот” агаарын довтолгооноос хамгаалах системийг ашиглан дронуудыг устгасан буюу аюулгүй болгосон байна.

Түүнчлэн ОХУ-ын Батлан хамгаалах яам Ялалтын баяраас өмнө Бахмут хотод хяналтаа тогтоохоор эрчимтэй давшиж байгаа ч төдийлөн үр дүнд хүрээгүй байгаа тухай эх сурвалжууд мэдээлжээ.

1945 оны 5-р сарын 8-ны өдөр Нацист Германы арми ЗХУ-ын Зэвсэгт хүчинд бууж өгөх шийдвэр гаргаж, улмаар энэ 9-ний өдөр нь албан ёсоор Ялалтын баярыг тэмдэглэх болсон юм. Харин өнгөрсөн даваа гарагт Украины ерөнхийлөгч Володимир Зеленський тус улсад Ялалтын баярын өдрөөр Европын өдрийг тэмдэглэх тухай зарлигт гарын үсэг зуржээ.

Тэрээр “Европын өдрийг тэмдэглэх тухай зарлигт гарын үсэг зурлаа. Цаашдаа Украинчууд жил бүрийн 5-р сарын 9-ний өдрийг Нацизмыг ялсан бүх Европчуудын баярын өдөр болгон тэмдэглэнэ” гэдгийг цохон тэмдэглэжээ.