Авлигатай тэмцэх жилийн хүрээнд Засгийн газрын тусгай сангуудын талаарх мэдээллийг олон нийтэд ил болгож эхлээд байна. Тэгвэл Нийгмийн халамжийн сангийн мэдээллийг ил болгосон бөгөөд 2008 оноос хойш тус сангаас давхардсан тоогоор 21.8 сая иргэнд 7.5 их наяд төгрөг олгосон байна.
Нийгмийн халамжийн санд хамрагдах иргэдийн тоо жил ирэх тусам өссөн үзүүлэлттэй гарсан байна. Тодруулбал:
- 2010 онд Нийгмийн халамжийн санд 495 мянган иргэн хамрагдаж эдгээр иргэдэд 126 тэрбум төгрөг олгож байсан. Энэхүү мөнгөний 12 хувийг хүүхдийн мөнгөн тэтгэмжид зарцуулж байжээ.
- Харин Нийгмийн халамжийн санд хамрагдах иргэдийн тоо аажмаар нэмэгдсээр 2021 онд 2.5 сая иргэнд 1.9 их наяд төгрөг олгосон байна. Энэхүү мөнгөний 1.4 их наяд төгрөгийг хүүхдийн мөнгөн тэтгэмжид зориулжээ.
- Нийгмийн халамжийн сангаас мөнгөн тэтгэмж авч буй иргэдийг аймгаар нь хуваан авч үзвэл Хөвсгөл аймаг хамгийн өндөр буюу 136 мянган иргэнд 84 тэрбум төгрөг олгосон байна.
Харин 2022 оны төсвийг батлахдаа Засгийн газар халамжаас хөдөлмөрт шилжих уриан дор төвсөө баталсан. 2021 онтой харьцуулахад халамж авах иргэдийн тоо буураагүй ч олгох мөнгөн дүн багасч 515 тэрбум төгрөг болсон.
- 2022 онд 2.6 сая иргэнд Нийгмийн халамжийн сангаар дамжуулан 515 тэрбум төгрөг олгосон. Үүнээс 182 тэрбум төгрөг нь хүүхдийн мөнгөн тэтгэмж байсан.
- 108 тэрбум төгрөгийг эцэг эх, олон хүүхэдтэй өрх толгойлсон эцэг эхэд олгосон.
- Харин асаргааны тэтгэмжид 59.4 тэрбум төгрөгийг олгосон.
Монгол улс сүүлийн 15 жилийн хугацаанд Нийгмийн халамжийн сангаар дамжуулан 7.5 их наяд төгрөг буюу хагас жилийн төсөвтэй тэнцэх мөнгийг давхардуулсан тоогоор 21.8 сая иргэнд олгосон. Харин Засгийн газрын зүгээс эдгээр 14 төрлийн халамж нь ядуурлын түвшин нэмэгдэх нэгэн хүчин зүйл гэж үзсэн бөгөөд халамжаас хөдөлмөрт бодлогыг хэрэгжүүлсэн. Үүний хүрээнд хөдөлмөр эрхлэлтийг илүүтэйгээр дэмжихээ илэрхийлж хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөрийг хэрэгжүүлэн 2022 онд 31.9 тэрбум төгрөгийг зарцуулсан боловч хэрэгжилт нь 51.9 хувьтай байсан юм.