Жил бүр Нийслэлийн ногоон байгууламжид тодорхой төсөв зарцуулдаг ч энэ нь үр дүнгүй болох тохиолдол их байна. Учир нь Улаанбаатар хотын дулаан болоод цэвэр, бохир усны шугам сүлжээний засвартай холбоотойгоор зам сэтлэх, ногоон байгууламжийг сүйтгэх эсвэл нүүлгэн шилжүүлдэг байдал жил бүр давтагддаг нь уламжлал болжээ.
Одоогоор Улаанбаатар хотын хэмжээнд нийтийн эзэмшлийн 135 га талбайд ногоон байгууламжийн арчилгаа хийж байна. Энэ жилийн хувьд нийтийн эзэмшлийн гудамж, талбайд нэг болон олон наст цэцэг, навчит болон шилмүүст мод зэргийг тарихаар бэлтгэл ажлыг хангажээ. Энэ нь Нийслэлд өмнө нь хийгдэж байсан ногоон байгууламжуудаас 2-3 дахин илүү суулгалт юм байна. Үүнийг үр дүнгүй ажил болгохгүйн тулд Улаанбаатар хотын зарим уулзваруудад хонгилын систем бий болгож, дахиж газар ухахгүй байхаар төлөвлөж байгаа талаар албаны зүгээс мэдээлж байна.
Энэ зуны хувьд Дэлхийн банкны санхүүжилтээр их, бага тойрууд шугам солих ажлыг хийх юм байна. Одоогоор манай улс нь хонгилын системгүй учир зарим явган хүний зам, дугуйн зам, ногоон байгууламж тус ажлын хүрээнд өртөхөөр байгаа юм. Цаашид энэ асуудлыг арилгаж уулзваруудад хонгилын систем бий болгохоор төлөвлөж байгаа ч үүнд ихээхэн хэмжээний зардал гарахаар байгаа гэдгийг албаныхан онцлон хэлж байсан юм.