Зайсан орчмын авто замд 23:00-06:00 цагийн хооронд эсрэг урсгалыг нээнэ

Өнгөрсөн нэгдүгээр сард Зайсангийн авто замыг нэг чигийн хөдөлгөөнд шилжүүлсэн. Энэ нь уулын зам болон Яармаг чиглэлийн авто замын хөдөлгөөний ачааллыг бууруулах зорилготой байсан юм. Тэгвэл Нийслэлийн Засаг даргын тамгын газраас уг зохицуулалтад түр хугацаанд өөрчлөлт хийхээр болжээ.

Зайсангийн авто замыг нэг чигийн урсгалд оруулснаар тухайн замын нэвтрэх чадвар 15 хувиар нэмэгдсэн гэж албаныхан мэдээлж байна. Тэгвэл 23:00-06:00 цагийн хооронд тус замын хөдөлгөөний чиглэлийг урьдын адил буюу хоёр урсгалтай болгох зохицуулалт хийхээр болжээ. Энэ нь түр хугацааны зохицуулалт бөгөөд зайсан орчны авто зам засварын ажил дуустал үргэлжлэх юм байна.

Харин Нийслэл орчмын авто зам засварын ажлууд Ерөнхий боловсролын сургуулийн амралт эхлэхтэй зэрэгцэн хийж эхлэхээр болсон байна.

Мөн томоохон зах худалдааны төв болон Нарны гүүрний хэсгийн замд шаардлагатай өөрчлөлтүүдийг хийхээр болсон бөгөөд Алтай хотхон орчны замын засварын ажлыг 7-р сар багтаан дуусгахаар төлөвлөсөн байна.