Саудын Араб, Сири хоёр улсын эрх баригчид дипломат төлөөлөгчийн газраа харилцан нээхээр болсноо өнгөрөгч лхагва гарагт мэдэгджээ. 2012 онд Сирийн дэглэм дотоодын мөргөлдөөнийг харгис хэрцгий аргаар таслан зогсоох оролдлого хийсэн нь Саудын Арабын эрх баригчид тус улстай дипломат харилцаагаа таслах шийдвэр гаргахад хүргэсэн юм.
Өнгөрөгч даваа гарагт 1945 онд байгуулагдсан баруун Өмнөд Ази, Умард Африкийн орнуудыг багтаасан 22 гишүүн улстай “Арабын Лиг” хэмээх олон улсын хамтын нийгэмлэгийн удирдах албан тушаалтнууд Сирийн гишүүнчлэлийг эргэн сэргээхээр болсноо зарласан юм. Дараагаар нь буюу мягмар гарагт Сирийн Гадаад хэргийн сайд Саудын Арабын Эр-Рияд хотноо айлчилсан байна. Хариуд нь буюу лхагва гарагт Саудын Арабын Гадаад хэргийн сайд мөн Сирийн нийслэл Дамаск хотноо зочилж, Элчин сайдын яамаа эргэн нээх асуудлыг хөндсөн гэж Ройтерс агентлаг мэдээлжээ.
2011 онд Сири улсад гарсан бослого, иргэний дайныг тус улсын ерөнхийлөгч Башар Ассадын Засгийн газар хүч хэрэглэн нухчин дарсан юм. Үүнтэй холбогдуулан “Арабын Лиг” эвслийн гишүүн орнууд Сири улсаас дипломат харилцаагаа тасалж эхэлсэн мөн Сирийн эвслийн гишүүнчлэлийн эрхийг түдгэлзүүлж, тусгаарлах болон эдийн засгийн хориг арга хэмжээгээр шийтгэсэн байна.
Тэгвэл Саудын Арабын Гадаад хэргийн яамнаас нийтэлсэн тайлбарт өгүүлснээр Дамаск дахь Элчин сайдын яамаа дахин нээх нь "Бүс нутгийн аюулгүй байдал, тогтвортой байдлыг бэхжүүлэх зорилготой" гэдгийг цохон тэмдэглэжээ. Саудын Араб 5-р сарын 19-нд болох Арабын Лигийн ээлжит дээд хэмжээний уулзалтыг зохион байгуулах бөгөөд Сири улс оролцох төлөвтэй байна.