Япон улсын Засгийн газар Ази тивд анх удаа НАТО-ын төлөөлөгчийн газрыг эх орондоо нээхээр холбогдох албан тушаалтнуудтай яриа хэлэлцээ өрнүүлж байна. Энэ талаар тус улсын Гадаад хэргийн сайд Ёсимаша Хаяши өнгөрөгч лхагва гарагт мэдэгджээ.
Лхагва гарагт Япон улсын Гадаад хэргийн сайд Ёсимаша Хаяши ОХУ-ын Зэвсэгт хүчин Украины газар нутаг руу халдан довтолсон нь дэлхий дахины тогтвортой байдлыг алдагдуулж байгаа тул өөрийн газар нутагт НАТО-ын төлөөлөгчийн газрыг нээхээр идэвхтэй ажиллаж байгаа талаараа мэдэгджээ. Ирэх долоо хоногт Японы Хирошима хотод болох "Долоогийн бүлгийн" дээд хэмжээний уулзалтаас өмнө Гадаад хэргийн сайд дээрх мэдэгдлийг хийсэн нь хэвлэлүүдийн анхаарлыг татжээ.
Тэгвэл тэрээр “Японы Засгийн газар Умард Атлантын гэрээний байгууллага буюу НАТО-ын удирдах албан тушаалтнуудтай төлөөлөгчийн газрыг Токио хотноо нээх асуудлаар хэдийн яриа хэлэлцээ өрнүүлж байгаа, гэхдээ талууд гэрээ хэлэлцээрийн талаар нарийн ширийн зүйлийг хараахан эцэслэн шийдээгүй байна" хэмээн хэвлэлд ярьжээ. Мөн тэрээр ОХУ-ын эзлэн түрэмгийлэл Японы Засгийн газар болон ард түмэнд болгоомжлолыг төрүүлсэн бөгөөд аюулгүй байдлаа эвслийн хамтаар хамгаалах нь илүү үр дүнтэй гэдгийг Украины дайн ойлгуулж байгаа гэжээ.
Харин Японд НАТО-ын төлөөлөгчийн газар нээгдэх нь геополитикийн хагарлын шугам гүнзгийрч байгаа энэ үед Өрнөдийн эвслийн хувьд чухал үйл явдал болох юм. Гэвч өмнө нь удаа дараа ийм алхам хийхгүй байхыг анхааруулж байсан Хятадын Засгийн газрын шүүмжлэлийг татах магадлалтай гэж ажиглагчид үзэж байна. Мөн лхагва гарагт НАТО-ын хэвлэлийн төлөөлөгч Японд төлөөлөгчийн газраа нээх талаар судалж байгаагаа мэдэгдсэн ч нарийн ширийн төлөвлөгөөнийхөө талаар сэтгүүлчдэд тайлбар хийгээгүй байна.
БНХАУ-ын эрх баригчид Зүүн Хятадын тэнгис дэх Япончуудын эзэмшилд байдаг, хүн ам оршин суудаггүй Сенкаку арлуудыг өөрийн бүрэн эрхт газар нутгийн нэг хэсэг хэмээн зарлаж, Японы газар нутагтай ойролцоох бүс нутагт тэнгисийн болон агаарын цэргийн хүчээ нэмэгдүүлсээр байна. Өсөн нэмэгдэж байгаа аюул заналхийллийг сөрөхийн тулд Японы Засгийн газар Батлан хамгаалах салбарын төсвөө дэлхийн хоёрдугаар дайнаас хойш анх удаа дээд үзүүлэлтэд хүргээд байна.
Түүнчлэн түүхэн цаг хугацаанд төвийг сахих уламжлалт бодлого баримталж ирсэн Финланд, Швед улсууд НАТО-д элсэх хүсэлт гаргасан бөгөөд Финланд өнгөрсөн сард тус эвслийн хамгийн отгон гишүүн нь болсон юм.