Улсын хэмжээнд бүртгэлтэй нийт 35 арьс ширний үйлдвэр байна

Улсын хэмжээнд бүртгэлтэй нийт арьс ширний 35 үйлдвэр байдгаас 32 нь нийслэлд үйл ажиллагаа явуулдаг бол 3 нь орон нутагт  ажилладаг байна. Нийслэл дэх арьс ширний үйлдвэрүүдийг эмээлт рүү нүүлгэх шийдвэр 2012 онд гарсан боловч 10 гаруй жилийн хугацаанд уг шийдвэр дорвитой хэрэгжээгүй. Энэ хугацаанд эдгээр үйлдвэрүүдийн хөрсний бохирдол стандартын түвшнээс давж ойр орчимд нь амьдардаг оршин суугчдад таагүй үнэр үнэртдэг, арьсны өвчлөлтэй болсон талаараа хэлж байна.

Үндсэн хуульд хүн бүр эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхтэй гэж заасан байдаг.  Гэтэл өнөөдрийн байдлаар арьс ширний үйлдвэрүүдийн ойр орчимд амьдардаг иргэдийн эрх ноцтой зөрчигдөж байгаа юм. Тухайлбал Хан-Уул дүүргийн 20-р хороонд 2 арьс ширний үйлдвэр болон Харгиа цэвэрлэх байгууламж үйл ажиллагаа явуулж байна. Эдгээр үйлдвэрүүд нь тухайн хороонд оршин суудаг оршин суугчдын орон сууцнаас 20-30 метрийн зайнд байрлаж байгаа юм. Арьс ширний үйлдвэрүүд Харгиа цэвэрлэх байгууламжаар дамжуулан бохирдлоо Төв цэвэрлэх байгууламж руу нийлүүлдэг. Тэгвэл тус хороонд оршин суугчдын зүгээс холбогдох албаныханд 10 гаруй жилийн турш гомдол гаргасан боловч тодорхой хариу өгдөггүй, асуудлыг өөр зүг рүү хандуулдаг гэдгийг хэлж байгаа юм.

Нийслэлд үйл ажиллагаа явуулж буй арьс ширний үйлдвэрүүдийг Нийслэлээс гаргаж Эмээлт рүү нүүлгэх Засгийн газрын тогтоол 2012 оны 12-р сарын 31-ны өдөр гарсан. Гэвч  10 гаруй жил өнгөрсөн хэдий ч дорвитой шийдэлд хүрч чадаагүй өдийг хүрсэн бөгөөд арьс ширний холбооноос төрийн байгууллагын мэргэжилтнүүд хоорондын уялдаа холбоогүй байдлаас үүдэн уг асуудал сунжирсан гэдгийг хэлж байна. 

Цэвэрлэх байгууламжийн орчимд 500 метрээс дотогш аж ахуйн нэгж, иргэнд газар өмчлүүлэхгүй гэж заасан байдаг. Тиймээс уг арьс ширний үйлдвэрүүдийг нэн даруй хотоос гарган Эмээлт рүү нүүлгэн шилжүүлж иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхийг хангаж өгөхийг тухайн дүүргийн оршин суугчид хүсэж байсан юм.