Эмгэг судлал нь эмчилгээ хийх суурь оношийг тавьдаг чухал нэгж салбар юм. Гэтэл тус чиглэлээр мэргэшсэн эмч мэргэжилтэн улсын хэмжээнд дутагдалтай байна. Мөн эмгэг судлалын лаборатори хоорондын уялдаа холбоо муу байгаа юм. Үүнээс шалтгаалж иргэд гадны орныг зорьж өртөг зардал өндрөөр онош тавиулж байна.
Эмгэг судлалын салбар нь үндсэн хоёр чиг үүрэгтэй. Тодруулбал, эд эсийн шинжилгээгээр дамжуулан онош тогтоох болон задлан шинжилгээгээр өвчлөлийг шинжлэх юм. Гэтэл эрүүл мэндийн салбар тэр дундаа эмгэг судлалын чиглэлээр мэргэшсэн эмч мөн цалин хангамж зэрэг нь дутагдалтай байна. Тухайлбал, манай улсад эмгэг судлалаар мэргэшсэн 70 гаруй эмч ажилладаг буюу хүний нөөцийн дутагдлаас шалтгаалж эд эсийн шинжилгээг нарийн хийж, эмгэгийг тогтоож чаддаггүй цаашлаад тухайн өвчтөнд тохирсон эмчилгээг оновчтой хийхгүй байх эрсдэлийг дагуулдаг байна.
Нэг жилийн өмнөөс эрт илрүүлэг, үзлэг оношилгооны дурангийн үзлэгт Увс аймгаас нийт 3900 гаруй иргэн хамрагдсан. Үүнээс 280 гаруй иргэнээс эдийн шинжилгээ авахад 45 хувьд нь хавдар болон хавдрын урьтал эмгэг илэрсэн байгаа юм. Үүнээс харвал эмгэг судлалын салбарын мэргэшсэн эмчийн хүний нөөцийн асуудлыг шийдэж иргэдэд хүртээмжтэйгээр эмнэлгийн тусламж, үйлчилгээг үзүүлэх зайлшгүй шаардлагатай гэдгийг харуулж байна.
Нөгөө талаас нийт өвчтөний 70 орчим хувь нь 3,4 дэх үе шатандаа үзүүлдэг гэх судалгаа байдаг. Тиймээс өвчнөө хүндрүүлэхгүйгээр эрт үед нь буюу хавдар болохоос нь өмнө оношилгоо хийлгэх хэрэгтэй гэдгийг эмч нар зөвлөж байна.