Украины Зэвсэгт хүчин барууны зэр зэвсгийн болон хүмүүнлэгийн тусламжтайгаар 2023 оны эцэс гэхэд ОХУ-ын армийг газар нутгаасаа хөөн гаргаж, ялалт байгуулах боломжтой талаар Володимир Зеленський мэдэгджээ. Өнгөрөгч ням гарагт Киевийн тэргүүн В.Зеленський Германы нийслэл Берлин хотноо айлчлах үеэрээ цэрэг, эдийн засгийн “томоохон” дэмжлэг үзүүлж буй Өрнөдийн улс орнуудад талархлаа илэрхийлжээ.
Украины газар нутаг, тусгаар тогтнол, ард түмний аюулгүй байдал, эрх чөлөөний төлөө оруулж байгаа Герман улсын хувь нэмрийг хэзээ ч мартахгүй гэдгээ Киевийн тэргүүн В.Зеленський айлчлалынхаа эхэнд мэдэгдсэн юм. Дайн эхэлснээс хойш АНУ-ын Засгийн газар зэр зэвсгийн болон хүмүүнлэгийн 50 орчим тэрбум ам.долларын тусламжийг Украины талд үзүүлээд байгаа юм. Харин АНУ-ын дараагаар Германы Засгийн газраас Украинд томоохон тусламж, дэмжлэг үзүүлжээ.
Олаф Шольцын эвслийн Засгийн газар ОХУ-ын эзлэн түрэмгийлэл эхэлснээс хойш анх удаа Берлин хотод хүрэлцэн очсон В.Зеленськийн айлчлалтай давхцуулан шинэ тусламжийн багцаа олон нийтэд танилцуулжээ. Ээлжит тусламжийн багцад байлдааны танк, явган цэргийн хуягт машинууд, агаарын довтолгооноос хамгаалах “Патриот” системийн дөрвөн ширхэг цэнэгт хошуу зэрэг багтжээ.
В.Зеленськийн айлчлалын үеэр Украины зэвсэгт хүчин удаан хүлээсэн сөрөг довтолгоогоо эхлүүлэхэд хангалттай зэр зэвсгийн нөөц бүрдүүлсэн эсэхийг сэтгүүлчид түүнээс лавлажээ. Харин В.Зеленський хариуд нь “Дахин нэг удаа гадаад айлчлал хийх шаардлагатай байгаа төдийгүй тэр мөчид бодож үзнээ” хэмээн хошигносон байна. Гэхдээ тэрбээр Украины зэвсэгт хүчин өнгөрсөн долоо хоногт Бахмут хотын 20 орчим километр газрыг Оросын армиас чөлөөлж чадсан бөгөөд түрэмгийлэгчдийг энэ оны эцэс гэхэд эргэлт буцалтгүйгээр эх орноосоо хөөн гаргаж, ялалт байгуулахаар зэхэж байгааг онцлон тэмдэглэжээ.
Харин Германы Канцлер "ОХУ-ын эрх баригчид цэргээ татах ёстой" хэмээгээд Кремлийн санал болгосон аливаа гал зогсоох хэлэлцээрийг хүлээн зөвшөөрөхгүй байх Украины байр суурийг Берлины тал дэмжиж байгаа гэж онцлон тэмдэглэжээ.