БНТУ-ын Ерөнхийлөгчийн сонгуулийн эхний шатны санал хураалт өнгөрөгч ням гарагт явагдсан ч нэр дэвшигчид сонгогчдын дийлэнх олонхын буюу 50-иас дээш хувийн санал авч чадаагүй байна. Одоогийн төрийн тэргүүн Режеп Тайип Эрдоган эхний шатны санал хураалтад сонгогчдын 49 хувийн санал авчээ. Харин Туркийн сөрөг хүчний эвслээс нэр дэвшсэн Кемал Киличдаролу сонгогчдын 45 хувийн санал авсан байна.
Ийнхүү БНТУ-ын Ерөнхийлөгчийн сонгууль хоёр дахь шатны санал хураалтаар шийдэгдэх нь тодорхой боллоо. Учир нь ням гарагт болсон санал хураалтаар Режеп Тайип Эрдоган Туркийн сөрөг хүчний намуудын эвслээс нэр дэвшигч Кемал Киличдароглугаас илт давуу олонхын санал авч чадсан ч энэ нь эхний шатны санал хураалтаар ялалт байгуулахад хангалтгүй байжээ. Хоёр дахь шатны санал хураалт энэ сарын 28-нд болох товтой байгаа төдийгүй Режеп Тайип Эрдоган 20 жилийн засаглалаа үргэлжлүүлэхээр байгаа нь ням гаргийн санал хураалтын дүнгээс харагдаж байна.
Туркийн ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоган Истанбул хотноо саналаа өгсний дараагаар “Бид эх орон, үндэстэн, Туркийн ардчилал болон илүү сайн сайхан гэрэлт ирээдүйн төлөө сонголтоо хийж байна” хэмээн хэвлэлд ярьжээ. Харин түүний гол өрсөлдөгч Кемал “Бид бүгд ардчилал, халуун тэврэлт, хамтдаа нэгдэн нийлэхийг ихээр үгүйлсэн байна. Энэ сонгуулийн ялалт, үр дүн нь нэр дэвшигчдийнх бус харин туркийн нийт иргэдийн ялалт байх болно” гэдгийг онцолжээ.
Тэгвэл Эрдоган Истанбулын түүхэн дурсгалт газар болох “София” сүмд залбирснаар сонгуулийн кампанит ажлаа дуусгавар болгосон байна. Харин тухайн мөчид сөрөг хүчний нэр дэвшигч Кемал орчин үеийн Турк улсыг үндэслэгч, шашингүй үзэлтэн болох Мустафа Ататүркийн бунханд очиж мөргөл үйлдсэн байна.
Режеп Тайип Эрдоган засаглалынхаа он удаан жилүүдийг магтан сайшааж, тогтвортой байдал, бие даасан гадаад бодлогынхоо талаар сонгуулийн кампанит ажлынхаа үеэр ихээр дурдаж байсан юм. Тэрээр сонгуулийн өмнө төрийн албан хаагчдын цалинг 45 хувиар нэмж, тэтгэврийн насыг бууруулах шийдвэр гаргасан юм.