2023-2024 оны өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд нийслэлд нийт 644 төсөл арга хэмжээ хэрэгжүүлнэ

Улаанбаатар хотын 2023-2024 оны өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд нийт 644 төсөл арга хэмжээ хэрэгжүүлэхээр болжээ. Бэлтгэл ажлын хүрээнд дулааны гол шугам сүлжээг 9 хэсэгт хуваан 19 байршилд тэг зогсолт хийж, шугам сүлжээний засвар шинэчлэлт хийхээр төлөвлөж байгаа юм байна. Энэ ажлын хүрээнд дулааны гол шугам сүлжээг есөн хэсэгт хуваан тэг зогсолт хийж, 19 байршилд шугам сүлжээний засвар шинэчлэл хийхээр төлөвлөжээ.

Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас өчигдрөөс эхлэн 9-р сарын 15-ны өдрийг хүртэлх хугацаанд шугам сүлжээний засвар, шинэчлэлтийн ажлыг хийж гүйцэтгэхээр төлөвлөжээ. Шугам, сүлжээний засвар, шинэчлэлийн ажлын хүрээнд зарим байршилд 10-20 хоног, зарим байршилд түүнээс урт хугацаанд орон сууцуудад халуун ус тасарна гэдгийг холбогдох албанаас мэдээлж байна.

Нийслэлийн хэмжээнд сүүлийн 30 жилийн хугацаанд дэд бүтцийн дорвитой өргөтгөл, шинэчлэл хийгдээгүй байна. Тухайлбал, нийслэлийн 370 км дулааны шугам сүлжээний 90-100 км орчмынх нь насжилт хэдийн дууссан байна. Мөн орон сууцны хороолол дундах халаалтын нийт 1223 км шугамын 60 хувийнх нь ашиглалтын хугацаа дууссан байна. Тиймээс энэ жилийн хувьд дэд бүтцийн шинэчлэл, засварыг илүү өргөн хүрээнд хийж гол магистрал шугамуудыг иж бүрнээр нь солихоор төлөвлөжээ.

Зуны засвар, шинэчлэлийн ажлын хүрээнд зөвхөн дулааны шугам биш, мөн цэвэр усны шугам, цахилгааны кабелийг ч иж бүрнээр нь сольж байгаа юм байна. Мөн ашиглалтын шаардлага хангахгүй болсон хуучин цахилгаан шатнуудыг шинэчлэх бөгөөд хотын зарим гудамж, талбайд тодорхой өөрчлөлт хийх, ногоон байгууламжийг нүүлгэн шилжүүлэх, замын хавтан хуулах зэрэг олон ажлууд хийгдэхээр болжээ.