Эцэг эх, асран хамгаалагчид энхэл донхол болсон замаар бага насны хүүхдийг тэрэгтэй нь түрж зорчиж байна

Нийслэлийн хэмжээнд өдөрт дунджаар 100 гаруй хүүхэд энэ хорвоод мэндэлдэг байна. Агаарт гаргах, сар тутам өрхийн эмнэлэгт очих гэхчлэн эцэг эхчүүд дөнгөж төрсөн нярайтай хамт гадуур зорчих шаардлага их байдаг  ч Нийслэлийн явган хүн зорчих хэсэгт хүүхдээ тэрэгтэй нь түрээд явах зам талбай хомс, байгаа цөөн хэд нь бартаа саад ихтэй байдаг тул зорчиход туйлын хүндрэлтэй байсаар байгааг иргэд шүүмжилж байна.

380 жилийн түүхтэй Улаанбаатар хотод явган хүний замын стандартыг 2020 онд батлан нийслэлд мөрдөх баримт бичгийг гаргаж байжээ. Харин 2022 онд Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас 60 мянга орчим мкв явган хүний зам талбайг засварлах, налууг өргөтгөх ажлыг хийхээр төлөвлөсөн байна. Үүнээс 40 мянга орчим мкв зам талбайн ажил он дамнан үргэлжилж байгаа юм. Мөн нэмэлтээр 25 мянга орчим мкв явган хүний зам талбайг засварлах шаардлагатай гэж үзэн 15 мянга орчмынх нь байршлын судалгааг хийж, гүйцэтгэгч байгууллагыг шалгаруулж эхэлжээ.

Өнгөрсөн хугацаанд эцэг эх, асран хамгаалагчид сайн дурын үндсэн дээр нэгдэн “Тэрэгтэй парад”, “Бартаат замын тэрэгчид”, “Алхам бүртээ анзаараад харвал” нэртэй олон нийтийн аян, тайван жагсаалуудыг зохион байгуулж байжээ. Гэсэн ч өнөөдрийг хүртэлх хугацаанд нүдэнд харагдаж, бодитоор мэдрэгдэх орчин нөхцөл бүрдээгүй байна.