Байгаль орчин аялал жуулчлалын яамд иргэний нийгмийн байгууллагаас ирүүлсэн гомдол мэдээллийн дагуу “Петрочайна дачин тамсаг” ХК-ийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийжээ. Уг шалгалтын хүрээнд тус компани нь химийн хорт болон химийн аюултай бодис хэрэглэх тусгай зөвшөөрөлгүй, тухайн хог хаягдалыг ангилан ялгадаггүй, зориулалтын дагуу устгаагүй зэрэг зөрчлүүд илэрсэн байна. Салбар яамнаас зөрчлийн тухай хуулиар мөнгөн торгууль тавьж зөрчлийг арилгах албан даалгавар өгчээ
Байгаль орчны нөлөөллийн үнэлгээний тайлангийн хэрэгжилт, менежментийн төлөвлөгөөний биелэлт, ус ашиглах болон дүгнэлтийн гэрээний хэрэгжилт, худгийн тоолуурын баталгаажилт гэсэн үндсэн асуудлын хүрээнд хяналт, шалгалтын ажиллагааг зохион байгуулсан. Мөн тус компани химийн хорт болон аюулт бодисын тусгай зөвшөөрөлтэй эсэхийг шалгасан байна.
Мөн тус компанийн хүрээлэн буй орчин, усны чанар, хаягдал усны ерөнхий шаардлагыг хангаагүй болох нь шинжилгээний дүгнэлтээр батлагдсан. Ус бохирдуулсны төлбөр тооцох зайлшгүй шаардлага гарсан учир нөхөн төлбөрийг тус компанид оногдуулжээ. Шалгалтаар зөвшөөрөлгүй хоёр цэгт худаг гаргасан зэрэг зөрчлүүд илэрсэн улмаар химийн хортой, аюултай бодисыг тусгай зөвшөөрөлгүй ашигласан зөрчлийг цагдаагийн байгууллагад шилжүүлэн хэрэг үүсгэн шалгаж байгаа гэсэн юм.