АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден Колорадо мужид төгсөлтийн баярын арга хэмжээнд оролцох үеэрээ бүдэрч унажээ

АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден Колорадо мужид болсон Агаарын цэргийн академийн төгсөлтийн баярт оролцож диплом гардуулах үеэрээ бүдэрч унажээ. Өдгөө 80 настай, АНУ-ын түүхэн дэх хамгийн өндөр настай Ерөнхийлөгч Байден бүдэрч унасан ч гэмтэл бэртэл аваагүй гэж Цагаан ордноос мэдээлсэн байна.

Цагаан ордны харилцаа холбооны газраас “Ерөнхийлөгч Жо Байден элстэй уутанд бүдэрч унасан. Гэхдээ тэрбээр ямар нэгэн гэмтэл бэртэл аваагүй” хэмээн цахим хуудастаа нийтэлжээ. Цагаан ордонд буцаж ирснийхээ дараа Жо Байден “Намайг элсээр дарсан. Би бүдэрч унаагүй шүү” хэмээн хошигносон байна.

Жо Байдены бүдэрч унаж байгаа дүрс бичлэг цахим орчинд нийтлэгдсэний дараа шүүмжлэгчид түүнийг хоёр дахь удаагаа Ерөнхийлөгчд нэр дэвшихэд хэтэрхий хөгширсөн гэж үзэж байна.

АНУ-ын иргэд ч мөн түүний өндөр нас, эрүүл мэндэд ихэд санаа зовниж байгааг сүүлийн үеийн санал асуулгын үр дүн харуулж байна. Өнгөрсөн онд Жо Байден унадаг дугуйнаас унаж бага зэрэг бэртсэн, түүнчлэн нисэх онгоцны шатаар өгсөх үедээ мөн бүдэрсэн нь нас өндөр болсонтой нь холбоотой гэж хүмүүс үзэж байгаа юм.