Иргэд гэр бүлийнхээ 2-3 хоногийн махны хэрэглээг дунджаар 30.000-40.000 төгрөгөөр худалдан авч байна

Хархорин худалдааны төвд махны дундаж ханш 13 мянгаас 26 мянган төгрөгийн үнэтэй байна. Жил бүрийн өдийд махны үнэ харьцангуй буурдаг ч энэ жил өнгөрсөн оны мөн үеэс 20 орчим хувиар нэмэгджээ. Махны үнэ нэмэгдэж байгааг нөөцийн мах хангалттай бэлдээгүй, Хятад үйлдвэрүүд ихээр ажиллах болсонтой холбоотой гэж худалдаа эрхлэгчид тайлбарлаж байна.

  • Үндэсний статистикийн хорооноос хийсэн судалгаагаар зах худалдааны төвүүдэд худалдаалагдаж байгаа мах өнөөдрийн байдлаар төрлөөсөө хамаараад 15-26 мянган төгрөгийн үнэтэй байна.
  • Энэ нь өнгөрөгч дөрөвдүгээр сарын  мөн үетэй харьцуулахад 8.2  хувиар өссөн үзүүлэлт бол долоо хоногийн өмнөх үеийнхээс 1.2 хувиар өссөн үзүүлэлт юм.
  • 2023 он гарснаар инфляцын өсөлт саарч 11.3 хувьтай байгаа хэдий ч хэрэглээний сагсан дахь өндөр хувь эзэлдэг мах махан бүтээгдэхүүний үнээс шалтгаалан инфляц нэг оронтой тоонд хүрч чадахгүй байна гэж эдийн засагчид хэлж байна.
  • Тэгвэл зарим иргэд гэр бүлийнхээ 2-3 хоногийн махны хэрэгцээгээ дунджаар 30.000-40.000  мянган төгрөгөөр худалдан авч байна.

Хүнсний өргөн хэрэглээний бүтээгдэхүүн болох  махны үнэ өдрөөс өдөрт нэмэгдэж байгаа нь иргэдэд санхүүгийн хүндрэлтэй нөхцөл  байдал тулгарч байгааг хэлж байна. Тэд өөрсдийн боломжийн хэрээр жижиглэнгээр буюу ихдээ 5 орчим кг мах худалдан авч байна

Харин худалдаа эрхлэгчдийн зүгээс жил бүрийн энэ үед махны үнэ буурдаг байтал өдрөөс өдөрт нэмэгдэх болсныг хэлсэн юм. Энэ нь махыг хангалттай нөөцлөөгүй, нөөцлөх зориулалтын байргүй, хятад улсын махны үйлдвэрүүд ихээр бий болсонтой холбоотой гэсэн. Тэгвэл малчдын төлөөлөл хэлэхдээ худалдаа эрхлэгчдийн үнэлсэн үнээр малаа борлуулахаас өөр сонголт байдаггүй  гэдгийг хэлж байна.

Худалдаа эрхлэгчид махын борлуулахдаа яс хаягдал, тээвэрлэлтийн зардал, лангууны  түрээс,  ачих болон шулах ажилчдын цалин зэргийг тооцоолон үнээ тогтоодог байна. Мөн тэд хэлэхдээ нөөцийн махыг хангалттай бэлдэх, хадгалах байр савны асуудлыг шийдэж чадвал махны хомстол болон үнийн өсөлтөөс сэргийлэх боломжтой гэж үзэж байна.