108 утасны үйлчилгээний төвд 6-р сарын 1-ний өдөр хүүхэд хамгааллын үйлчилгээ шаардлагатай гэсэн нийт 41 дуудлага ирсэн

Хүүхдийн тусламжийн 108 утасны үйлчилгээний төв нь 2014 оноос эхлэн үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд энэ жил 9 дэх жилдээ дуудлага мэдээлэл авч хүүхдүүдэд шаардлагатай анхан шатны тусламж, үйлчилгээг үзүүлж, холбогдох байгууллагад холбон зуучилж байна. Хэдийгээр тус байгууллага нь хүүхэд хамгааллын чиглэлээр хамгийн анхан шатны тусламж үйлчилгээ үзүүлдэг ч хүний нөөцийн дутагдалтай мөн төсвийн хувьд хүрэлцээгүй байдаг юм байна.

Хүүхдийн тусламжийн 108 утасны үйлчилгээний төв нь жилд дунджаар 110.000 гаруй дуудлага, мэдээлэл хүлээн авдаг. Энэ дуудлага мэдээллийн  16.000 гаруй нь хяналтын дуудлага мэдээлэл буюу 21 аймаг 9 дүүрэгт анхан шатны нөхцөл байдлын үнэлгээ хийж хүүхэд хамгааллын үйлчилгээ үзүүлэх шаардлагатай гэсэн дуудлага мэдээлэл ирдэг байна. Тус байгууллага нь “Хүүхэд хамгааллын тухай хууль”-ийн зөвхөн 10 дугаар зүйлийг л биелүүлдэг буюу хүүхэдтэй холбоотой мэдээллийг хүлээн авах, холбон зуучлах үйлчилгээг л үзүүлдэг юм. Мөн шаардлагатай тохиолдолд тус байгууллагын шуурхай баг нь анхан шатны тусламж үйлчилгээг нийслэлийн хэмжээнд үзүүлдэг байна.

Хүүхдийн тусламжийн 108 утасны үйлчилгээний төвийн нэг жилийн төсөв нь дунджаар 140 сая гаруй төгрөг байдаг. Мөн 10 гаруй ажилтантай үйл ажиллагаагаа явуулдаг байна. Энэ нь хүүхэд бүрд хүрч ажиллах боломжийг хүндрүүлдэг талаар тус байгууллагын төлөөл хэлж байгаа юм.