Нэгэн цагт дэлхийн хамгийн залуу тэрбумтнаар нэрлэгдэж байсан Элизабет Холмс гарааны бизнесээрээ хөрөнгө оруулагчдыг урхидаж их хэмжээний мөнгө залилсан нь тогтоогдсон юм. Харин уг хэргийн шийтгэл болох 11 жилийн хорих ялаа Элизабет Холмс өнгөрөгч мягмар гаргаас биеэр эдэлж эхэлжээ.
Стэнфордын их сургуулийн биотехнологич мэргэжлээр суралцаж байсан Элизабет Холмс дадлагын ажлаа Сингапурт хийх үеэр дэлхий дахинд сарс халдварт өвчин дэгдэж байжээ. Тухай үед сарс өвчний оношийг тогтоохын тулд их хэмжээний цусны дээж авч, лабораторид олон хоног шинжилж хугацаа алдаж байгаа нь Элизабетын анхаарлыг татсан байна. Тун удалгүй тэрээр хурууны өндөгнөөс дээж авч, хурдан хугацаанд сарс өвчнийг илрүүлэх, оношлох төхөөрөмж зохион бүтээх санаагаа бодит ажил хэрэг болгохоор шийдэж, 2004 онд компаниа байгуулжээ.
Ийнхүү Элизабет сургуулиа хаяж албан ёсоор “Theronas” компаниа байгуулж, сурталчилгааны ажлаа идэвхтэй явуулж эхэлжээ. Ганцхан дусал цусаар хүний биеийн амин үзүүлэлтүүдийг тодорхойлох түүний төлөвлөгөөг хөрөнгө оруулагчид ихэд сонирхож эхэлсэн байна. Гэхдээ түүний санаачилсан ажил огт үр дүнд хүрээгүй төдийгүй ганц дусал цусаар хүний 240 орчим амин үзүүлэлтийг тодорхойлох нь шинжлэх ухааны хувьд ч боломжгүй гэдэг нь хожим нотлогдсон байна.
Өнгөрсөн хугацаанд Элизабет Холмс хөрөнгө оруулагчдаас 800 орчим сая америк.доллар татаж, 2014 онд дэлхийн хамгийн залуу тэрбумтнаар нэрлэгдэж байсан ч өдгөө шүүхээс түүнийг хөрөнгө оруулагчдыг залилж их хэмжээний мөнгө хувьдаа завшсан үндэслэлээр 11 жилийн хорих ялаар шийтгэхээр болоод байна. Элизабет Холмс ямар ч ажиллагаагүй, хэрэгцээгүй төхөөрөмж бүтээснээ хөрөнгө оруулагчдаас нууж, үйлдвэрийн ажилтнууддаа өрсөлдөгч компанийн үйлдвэрлэж байгаатай ижил төхөөрөмж үйлдвэрлэхийг үүрэгдсэн байна. Мөн тэрээр өөрийн компанийн ажилтнуудтайгаа хөдөлмөрийн гэрээ байгуулахдаа үйлдвэрлэлийн нууц задруулахгүй байх тухай хатуу гэрээ байгуулан хянаж байсан нь хуулийн байгууллагын шалгалтаар тогтоогджээ.