Хиймэл оюун ухаан хүн төрөлхтнийг мөхөлд хүргэж болзошгүй гэж мэргэжилтнүүд, тэр дундаа Openai болон Google Deepmind компанийн тэргүүнүүд анхааруулж байна. Хиймэл оюун ухааны аюулгүй байдлын төвийн цахим хуудаст нийтлэгдсэн мэдэгдэлтэй олон арван хүн санал нийлж байгаагаа илэрхийлжээ.
Хиймэл оюун ухаан нь тахал өвчин, цөмийн дайн зэрэг нийгмийн бусад тулгамдсан асуудлын нэг болсон төдийгүй дэлхий дахины нэн тэргүүнд шийдвэрлэх ёстой асуудлуудын нэг болжээ. Тэгвэл сүүлийн үед хүмүүсийн дунд ихээхэн анхаарал татаж байгаа хиймэл оюун ухааны томоохон платформ болох Chatgpт-г зохион бүтээсэн мэргэжилтэн Сэм Алтман, Google Deepmind-ийн гүйцэтгэх захирал Демис Хассабис нар дээрх мэдэгдлийг мөн дэмжиж байна. Дэлхийн технологийн тэргүүлэх компанийн эдгээр мэргэжилтнүүд хиймэл оюун ухааныг зохион бүтээх чиглэлд анхдагчид болсон ч өдгөө үндэстэн дамнасан компаниас эхлээд гарааны бизнес эрхлэгчид хүртэл хиймэл оюуныг хөгжүүлж байгаа нь айдас дагуулж байгаатай санал нийлж байгаа юм.
Хиймэл оюун ухааны аюулгүй байдлын цахим хуудаст нийтэлснээр ийм төрлийн технологийн дэвшил нь ирээдүйд ямар хор хөнөөл дагуулж болох талаар хэд хэдэн хувилбар танилцуулжээ. Тухайлбал, хиймэл оюун ухааныг химийн зэвсэг бүтээхэд ашиглах боломжтой, мөн хиймэл оюун ухааны нарийн боловсруулсан худал мэдээлэл хүмүүсийг төөрөгдүүлж, нийгмийг тогтворгүй болгох, цаашлаад шийдвэр гаргахад нь сөргөөр нөлөөлж болзошгүй байна. Түүнчлэн ийм технологийн дэвшилд хүмүүс хэт хамааралтай болох эрсдэлтэй байгаа юм байна
Үүнтэй холбогдуулан мэргэжилтнүүд хиймэл оюун ухааны хөгжүүлэлтийг зөвхөн тодорхой салбарт зориулж хөгжүүлэх нь үр дүнд хүргэнэ гэдэгт итгэлтэй байна. Мөн уг асуудлыг яг өнөө цагт шийдвэрлэж чадвал, ирээдүйд тулгарах олон асуудлыг тойрон гарч чадна гэдгийг тэд сануулжээ.