О.Сийлэгмаа: БШУЯ болон бусад холбогдох газраас надад ихээхэн дарамт ирж байна

Боловсролын зээлийн сантай холбоотой нэр бүхий албан тушаалтнуудыг шалгуулахаар АТГ-т хандаж байгаагаа Боловсролын зээлийн сангийн албаны дарга асан О.Сийлэгмаа мэдэгджээ Боловсролын зээлийн сангийн зээлээр 2010 оноос хойш нийт 421 суралцагч дэлхийн шилдэг их, дээд сургуульд сурсан бөгөөд тэдний 93 хувь нь зөрчилтэй байсныг тэрээр хэлж байгаа юм.

Боловсролын зээлийн сангийн санхүүжилтээр гадаадад сургах шийдвэрийг БШУ-ны сайд гаргадаг. Гэтэл тус сангаас олгосон зээл болон зээлийг тэглэх тушаал нь хууль бус байна гэж БЗС-гийн албаны дарга асан О.Сийлэгмаа мэдээлсэн юм. Тиймээс тус шийдвэрийг гаргасан үе үеийн Боловсрол, шинжлэх ухааны сайд, Боловсролын зээлийн сангийн удирдлагаар ажиллаж байгаа гарди, БШУЯ-нд ажиллаж байсан Төрийн нарийн бичгийн дарга Цэдэвсүрэн болон бусад нэр бүхий албан тушаалтныг шалгуулах хүсэлтийг АТГ-т гаргаж байгаа байна.

Харин тус асуудалд авлигатай тэмцэх газраас хэрэг бүртгэлт мөрдөн байцаалт явж байх хугацаанд хэргийн явц байдлыг прокурор зөвшөөрөл өгөөгүй тохиолдолд нийтэд мэдээлэхийг хориглоно гэж хуульд заасан байдаг. Тиймээс Боловсролын зээлийн сангийн үйл ажиллагааны зөрчлийг нарийн мэдээлэх боломжгүй байна гэсэн юм.

Боловсролын зээлийн сангаас хууль бусаар журам зөрчиж зээл авсан этгээдэд хариуцлага тооцож тус санг хохиролгүй болгох нь чухал юм. Зээл авсан иргэдийн мэдээлэл ил болж байгаатай холбоотой эргэн төлөлт сайжирсан талаар холбогдох албаныхан мэдээлж байна.