Төсөвт тодотгол хийж цалин, тэтгэвэр тэтгэмжийг нэмэгдүүлэх нь иргэдийн нэрлэсэн орлогыг өсгөж байгаа ч бодит орлогод эерэг нөлөө үзүүлэхгүй. Харин ч эсрэгээрээ хэрэглээний үнийн өсөлтийг өдөөх эрсдэлтэй байна гэж эдийн засагчид үзэж байна. Тиймээс төсвийн тодотгол хийхдээ олон талын үндэслэлийг харгалзан авч үзэж макро эдийн засгийн тэлэлтэндээ анхаарах шаардлагатай байгааг тэд хэлж байна.
Цар тахлын үед Монгол улсын инфляцийн түвшин 16 хувь хүртлээ өсч үүнээс шалтгаалж иргэдийн бодит орлого багассан. Харин энэ онд эдийн засаг эргэн сэргэж байгаа учир макро эдийн засгийн гол зорилт нь инфляцийн түвшинг бууруулахад чиглэж байгаа. Монголбанкны зүгээс ч энэ оны сүүлийн саруудад инфляцийн түвшинг нэг оронтой тоонд хүргэнэ гэх зорилтыг тавиад байгаа юм. Тэгвэл энэ оны эхний 4 сарын байдлаар төсөв давсан гүйцэтгэлгүй байгаа учир тодотгол хийж цалин, тэтгэвэр, тэтгэмжийг нэмэгдүүлж байгаа нь инфляцийн түвшинг өдөөх нөгөө талаас дорвитой буурахад сөргөөр нөлөөлөх томоохон шалтгаан болно гэж эдийн засагчид үзэж байна. Тиймээс төсвийг тодотгохдоо тодорхой үндэслэл, бодит нөхцөл байдлыг харж шийдвэр гаргах хэрэгтэй байна гэсэн юм. Тухайлбал, ямар нэгэн байдлаар цалин тэтгэврийн хэмжээг нэмж байгаа тохиолдолд эдийн засгийн өсөлт, бүтээмжтэй уялдуулах шаардлагатай юм.
Өнөөдрийн нөхцөл байдалд иргэдийн цалин бага, бодит орлого буурч байгаа нь шийдвэрлэх тулгамдсан асуудлын нэг. Зөвхөн урлаг, спорт, төрийн албан хаагчид бус бусад салбарын ажилчид ч цалин хөлсний хүрэлцээгүй байдал ижил үүсэж байна. Мөн тэтгэврийн зөрүүг арилгах гэх асуудалд олон талын байр суурийг шинжлэх шаардлагатай байна гэж эдийн засагч үзэж байна.
Энэ оны эхний 4 сарын байдлаар Монгол улсын гадаад худалдаа тэр дундаа экспортын орлого өндөр байна. Үүнээс шалтгаалж одоогоор төсвийн орлого төлөвлөсөн хэмжээнээс давсан гүйцэтгэлтэй байгаа юм. Үндэсний статистикийн хорооны мэдээллээс харахад төсвийн орлого зарлагаасаа 1 их наяд гаруй төгрөгөөр давсан гүйцэтгэлтэй байна. Гэсэн хэдий ч энэ оны төгсгөлд төсвийн орлого давсан хэвээр үргэлжлэх нь тодорхойгүй байгаа юм. Тиймээс төсвийн тодотголыг хийхдээ болгоомжтой хандаж, эрсдэлийг тооцох хэрэгтэй байна гэдгийг эдийн засагчид сануулж байна.