Гэр бүлийн хүрээнд хүүхдийн наад захын эрхийг хангаж өгөх шаардлагатай

Манай улс 1958 оноос эхлэн хүүхдийн баярыг тэмдэглэж эхэлсэн түүхтэй юм байна. Тэгвэл 1989 онд манай улс Хүүхдийн эрхийн конвенцид нэгдсэнээр  жил бүрийн 6-р сарын 1-ийг Олон Улсын Хүүхдийн Эрхийг хамгаалах өдөр болгон тэмдэглэж иржээ. Энэ өдөр бид хүүхдийн эрхийн асуудалд түлхүү анхаарал хандуулах ёстой бөгөөд үүнд төр засгийн оролцоо чухал гэхээс илүүтэйгээр   эцэг эх, гэр бүлийн хүрээнд хүүхдийн  наад захын эрхийг хангаж өгөх шаардлагатай гэдгийг мэргэжилтэн хэлж байна.

Хүүхдийн наад захын эрхийг хангана гэдэг нь хүүхдийг ая тухтай орчинд амьдруулах, хоол унд хувцсаар хангах, боловсрол олгох, зэргээр насанд хүртэлх хугацаанд хариуцан өсгөхийг хэлдэг байна. Хүүхэд бүр нийгмийн гарал угсаа хамааралгүй ижил тэгш эрхтэй байх ёстой. Гэвч өнөөгийн нийгэмд хүүхдийн наад захын эрх хангагдаж чадахгүй байгааг мэргэжилтнүүд хэлж байна.

Тэгвэл хүүхдүүд тоглоомын талбайгүй мөн чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх газар хомс, үе тэнгийн болон цахим гадуурхалтад өртөх зэрэг олон шалтгаанаар эрх нь зөрчигддөг талаар ярьж байсан юм.

Хүүхэд хамгааллын 108 утсанд хүүхдийн эрх зөрчигдсөн талаарх дуудлага мэдээлэл өдөрт дунджаар 400 орчим бүртгэгддэг байна. Үүнээс дийлэнх нь  хүүхэд гэр бүлийн орчинд хүчирхийлэлд өртсөн дуудлага мэдээлэл байна. Тиймээс цаашид хүүхэд хамгааллын хууль, гэр бүлийн тухай хуульд шинэчлэл хийж бодлогын түвшинд өөрчлөлт оруулах шаардлагатайг мэргэжилтэн онцолж байсан юм.