Францын хууль тогтоогчид нийгмийн сүлжээнд төлбөртэй зар сурталчилгаа явуулдаг нөлөөлөгчдийг зохицуулах, шинэ төрлийн залилангийн гэмт хэрэгтэй тэмцэх хатуу хуулийг пүрэв гарагт баталжээ

Францын хууль тогтоогчид нийгмийн сүлжээнд төлбөртэй зар сурталчилгаа явуулдаг нөлөөлөгчдийг зохицуулах, шинэ төрлийн залилангийн гэмт хэрэгтэй тэмцэх хатуу хуулийг пүрэв гарагт баталжээ. Ингэснээр Франц улс нийгмийн сүлжээн дэх нөлөөллийн маркетингийг зохицуулж байгаа Европын анхны улс болж байна.

Уг чанга хатуу хууль нь хэрэглэгчдийг төөрөгдүүлсэн хуурамч зар сурталчилгаанаас хамгаалах, тэднийг мөнгө санхүүгээрээ хохироос нь сэрэмжлүүлэх зорилготой гэж хууль санаачлагчид хэвлэлд ярьжээ. Өмнө нь нөлөөлөгчид бооцоот таавар, сугалаа, тамхи зэргийг сурталчлах нь хуулийн дагуу хориотой байсан бол одоо сурталчлах ёсгүй бүтээгдэхүүний жагсаалт улам өргөжиж, тогтмол хяналт шалгалт явуулахаар болжээ. Influencer Marketing гэдэг нь олны танил хүмүүс нэр хүндээ ашиглан бүтээгдэхүүн, үйлчилгээг үнэлэн худалдан борлуулдаг нийгмийн сүлжээн дэх маркетингийн нэг хэлбэр юм.

Өнгөрөгч пүрэв гарагт Францын хууль тогтоогчдын санал нэгтэйгээр баталсан уг хуулийг нийгмийн сүлжээн дэх нөлөөлөгчид зөрчсөн нь тогтоогдвол шоронд хоригдох ялаар хүртэл шийтгүүлж болзошгүй байна.

Нөлөөлөгчид бол олон тооны захиалагчтай, нийгмийн чиг хандлагыг тодорхойлж чаддаг хувь хүмүүс. Тэд аливаа бараа бүтээгдэхүүн, үйлчилгээг сурталчилж, хариуд нь их хэмжээний төлбөр авдаг үндсэн зарчимтай. Нөлөөлөгчдийн сурталчилгаанд хууртан мөнгөө луйвардуулсан, эсвэл бүтээгдэхүүн, үйлчилгээ нь сэтгэлд хүрээгүй тохиолдлууд бүртгэгдсээр байгаа юм. Тиймээс Францын хууль тогтоогчид арилжааны үйл ажиллагааны "Хязгаарыг" тодорхой болгох, нөлөөлөгчдийн "Хариуцлага, үүрэг"-ийг илүү тодруулах гэж хичээснээ онцолж байна.

Шинээр батлагдсан хуулийн дагуу нөлөөлөгчид “Насанд хүрэгчдийн тогтмол ашигладаг нийгмийн сүлжээний платформд сугалаа, бооцоот тоглоом” зэргийг сурталчлахыг хатуу хориглоно. Хууль зөрчсөн тохиолдолд 500 мянган америк.долларын мөнгөн шийтгэлээс эхлээд хоёр жил хүртэл хорих ялаар шийтгүүлэх юм байна. Мөн тэднийг янжуур тамхи, гоо сайхны мэс засал, санхүүгийн үйлчилгээ, эмнэлгийн хэрэгсэл зэрэг 70 орчим бүтээгдэхүүн, үйлчилгээг сурталчлахыг хориглохоор болжээ. Франц улсад 150,000 гаруй нөлөөлөгч байдаг гэж тус улсын холбогдох яамнаас мэдээлжээ.